Зохиомол үүдэл эсийн тусламжтайгаар Паркинсоны өвчнийг эмчлэх туршилтыг хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-30 11:15:03
ТОКИО. /ТАСС/. Зохиомол үүдэл эсээс /iPS/ ургуулан авсан эсүүдийг өвчтөнүүдэд шилжүүлэн суулгах замаар Паркинсоны өвчнийг эмчлэх клиникийн туршилтыг Японы Киотогийн их сургуулийн эрдэмтэд анх удаа хийх гэж байна. Туршилтыг 8 дугаар сарын 1-нд хийнэ гэж Киодо агентлаг мэдээлжээ.
 
Эрдэмтэд шаардлагатай бүх зөвшөөрлийг авч, уг өвчнөөр шаналж буй хүмүүсийг туршилтад оруулахаар сонгоод байна. Түүнчлэн iPS үүдэл эсийн тусламжтайгаар дофамин гэдэг дааврыг ялгаруулдаг 5 сая ширхэг мэдрэлийн эсийн нөөцийг бүрдүүлжээ. Дофамин дутагдах нь Паркинсоны өвчин үүсэх гол шалтгаануудын нэг юм.
 
Туршилтын явцад эдгээр эсийг өвчтөнүүдийн тархинд шилжүүлэн суулгах аж.  Өмнө нь ийм туршилтыг сармагчингууд дээр хийж байжээ. Туршилтын дараа сармагчингуудын биеийн байдал илт сайжирч, хоёр жилийн хугацаанд гаж нөлөө илрээгүй байна.
 
Өдгөө дэлхий дээр Паркинсоны өвчнөөр шаналж буй 10 сая орчим хүн байдгаас 150 мянга орчим нь япончууд ажээ. Тэдний ихэнх нь өндөр настнууд юм.
 
Өмнө нь Япон улсад iPS эсийн тусламжтайгаар ургуулан авсан нүдний торлог бүрхэвчийн эсийг нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэх өвчнөөр шаналж буй хүнд шилжүүлэн суулгах клиник туршилтыг хийж байжээ. 
 
Э.Аянзаяа
 
 

Связанные новости