Архангай аймгийн Өндөр-Улаан, Чулуут сумын цахилгааныг хэвийн ажиллагаанд орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-07-27 10:08:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумын нутгаар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км/ 07.25-ны өдрийн 20:00 цагийн орчим аадар бороо орж, хүчтэй салхилсны улмаас Өндөр-Улаан, Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдэлийн сүлжээнд 0,4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унасан. 
 
Дээрх гэмтлийн улмаас Архангай аймгийн 6, Хөвсгөл аймгийн 3, Завхан аймгийн 1, нийт гурван аймгийн 10 сум цахилгаангүй болсон билээ.
 
Гэмтлийг сэргээн засварлахаар Эрдэнэт, Булган “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Архангай аймгийн Жаргалант, Өвөрхангай, Хархорин сумын нийт 3 бригадын 50 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 35 кВ-ын 16 ширхэг цахилгаан дамжуулах агаарын шугамыг босгон, 0,4 кВ-ын 22 ширхэг модон тулгууруудыг сэргээн засварлаж, Архангай аймгийн Өндөр-Улаан, Чулуут сумдын цахилгааныг хэвийн ажиллагаанд оруулаад байна.  
 
Одоогоор гурван  аймгийн 7 сумын цахилгааныг холбохоор ажиллаж байна.
 
Мөн Архангай аймгийн Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллага, сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, орон нутгийн  нийт 381 хүн, 10 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллан, 33 айл өрх, 3 аж ахуйн нэгж, байгууллагын хохирлын үнэлгээг гарган, 95 айлын хашаа, 45 айлын байшингийн дээвэр болон таван айлын гэрийг засч, босгоод байна. 
Ч.Ариунболд
Связанные новости