Хойд хөршөөс зөвшөөрөлгүй жимс оруулах гэж байгаад баригдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ОХУ-ын автозамын боомт Хиагтаар 140 килограмм алим, тарвасыг Монгол Улс руу нэвтрүүлэх гэж байсан монгол иргэнийг саатуулан шалгажээ. Автомашины тээшинд тээвэрлэж явсан жимс гарал үүслийн гэрчилгээгүй байсан тул хураан авч ОХУ-ын холбогдох газарт нь буцаан шилжүүлсэн байна.
Зөрчил гаргасан Монголын иргэнд захиргааны хариуцлага хүлээлгэх юм. Монгол Улсаас ОХУ руу мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, амьд амьтдыг тээвэрлэх, зөөвөрлөхийг өнгөрөгч оны нэгдүгээр сарын 12-ноос эхлэн түр хориглоод байгааг Эрхүү муж, Буриадын БНУ-ын Мэргэжлийн хяналтын газар анхааруулсаар байхад ийм зөрчил гаргасан байна. Тиймээс хойд хөрш рүү аялж байгаа монгол иргэд хориглосон бүтээгдэхүүнийг хил нэвтрүүлэх гэсэн үйлдлийг удаа дараа гаргаж байгааг анхааруулжээ.
Ж.Батсайхан