НОБГ эхний жилд 500 гаруй хүний амийг аварч, 13,4 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хамгаалжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр он гарсаар нийслэлд тохиолдож буй гамшиг, аюул осол болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд он гарсаар аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой нийт 1845 дуудлага бүртгэгдсэн байна. Үүний 1609 буюу 87.2 хувийг объектын гал түймэр, 235 буюу 12.7 хувийг эрэн хайх аврах ажиллагаа, 1 буюу 0.5 хувийг ой, хээрийн түймрийн дуудлага эзэлж байна. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 35 хувиар өсч, объектийн гал түймэр 18.6 хувиар, нийт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын тоо 3.9 хувиар тус тус буурсан байна.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй ярихдаа “Нийслэл хотод он гарсаар нийт 1845 дуудлага бүртгэгдсэн байгаа. Эдгээр дуудлага дээр Нийслэлийн Онцгой байдлын, Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн, Нийслэлийн аврах ангийн ажилчид ажиллаж иргэн аж ахуй нэгж байгууллагын 13.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгө, 500 гаруй хүний эрдэнэт амь насыг аварсан байна. Нийслэлийн Засаг даргаас Архангай, Өвөрхангай аймгуудын 10 суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчнөөс Нийслэл хотод урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх захирамж гарсан. Үүний дагуу нийслэлийн Багануур, Багахангай, дүүрэгт шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Налайх дүүргийн Городок, Дөрөвдүгээр зөрлөг, Сонгино хайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун турууны автозамын шалган бүртгэх товчоодод мэргэжлийн байгууллагууд 24 цагийн хяналт, шалгалт, ариутгал халдваргүйжүүлэх цэг ажиллаж байна. Тухайн халдваргүйжүүлэлтийн цэгийн үйл ажиллагааг хянах, заавар зөвлөмж өгөх, зорилгоор цэг тус бүрт зайн хяналтын камерыг Нийслэлийн Онцгой комиссын нөөц хөрөнгөөр суурилуулан ажиллаж байна” гэв.
НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга хошууч Б.Мягмардорж “Долоодугаар сарын 17-ны өдөр орсон борооны улмаас Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт лаг шавар үүсэн, айл гэрийн барилга байгууламж, зооринд ус орсон гэх дуудлага их гарсан. Тухайн өдөр нийт 96 дуудлага ирсэн. Үүнээс 20 дуудлага дээр хор уршиг арилгах арга хэмжээг зохион байгуулсан. Дээрх хугацаанд бүртгэгдсэн эрэн хайх, аврах ажиллагааны 83 удаагийн дуудлагаас үеэр усны холбогдолтой 37, зам тээврийн ослын найм, ахуйн ослын 16, барилгын холбогдолтой дөрөв, бусад 18 удаагийн дуудлага дээр тус тус ажилласан байгаа. Үүнээс эрэн хайх аврах ажиллагааны 83 удаагийн дуудлагад 17 хүн амь эрсдэж, 181 иргэнийг авран хамгаалж, бэртэж гэмтсэн 11 иргэнд эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ үзүүлэн ажилласан” гэж ярив. Энэ оны зургаа долдугаар саруудад аюулт үзэгдэл, техникийн болон ахуйн ослын нийт 399 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс объектийн гал түймрийн дуудлага 315, эрэн хайх аврах ажиллагааны дуудлага 83, ой хээрийн түймрийн нэг удаа тус тус гарсан байна. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад объектийн гал түймрийн дуудлага 19.8 хувиар буурч, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 62.7 хувиар өссөн байна. Харин аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын тоо 10.7 хувиар буурсан аж. НОБГ-ын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Д.Мөнхсайхан ярихдаа “Гал түймрийн дуудлагыг шалтгаан нөхцлөөр нь авч үзвэл нийт дуудлагын 55.8 хувь ил задгай хог , хогийн суваг, өнжмөл өвснөөс, 19.4 хувь нь цахилгаан техникийн гэмтэл, ашиглалтын буруугаас, 10.8 хувь нь пийшин зуух, яндангийн цонолтоос шалтгаалан гарч байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд Нийслэлийг Онцгой байдлын газрын албан хаагчид гал түймрээс 107 иргэний амь насыг аварсан. Харин харамсалтайгаар таван хүн гал түймрийн улмаас амь насаа алдсан байгаа. Иймд иргэд аж ахуйн нэгж байгууллага ил задгай тогны утас болон, цахилгаан хэрэгслийн бүрэн бүтэн байдал сайн шалгаж байхыг анхааруулмаар байна” хэмээсэн юм.
Зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэлх маршрутаар, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2, 3 дугаар хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнтэй эргүүлээр 33 удаа гарч, Туул голын эрэг дагуу амарч, зугаалж буй ард иргэдэд гол, тогтоол усанд живж осолдохоос урьдчилан сэргийлэх санамж хуудас 5,842 тарааж, сэрэмжлүүлэг яриаг 11,730 иргэнд хийж, голын эрэг дагуу байрласан 3,575 автомашиныг ногоон бүсээс 50-100 метрийн зайд гаргаж ажилласан. Завьт эргүүлийн хугацаанд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хоёр иргэн хоёр хүүхдийн хамтаар гол гатлах гэж байсныг аюулгүй зөөвөрлөсөн, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн дөрвөн иргэнийг гол гатлах гэж байгаад хөл алдаж живж байхад нь аварч аюулгүй болгосон мэдээг энэ үеэр өглөө.
Ж.Батсайхан