Олон нийтийн цагдаа ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-07-26 11:28:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэл хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачааллыг бууруулах зорилгоор энэ долдугаар сараас эхлэн 10 дугаар сарын 1-нийг хүртэл олон нийтийн 28 цагдаа ажиллахаар боллоо. Өнгөрсөн оны эхний дөрвөн сарын байдлаар олон нийтийн цагдаа нараас цагдаагийн алба хаагчтай хамтран нийт 69 гэмт хэргийг илрүүлж, 35220 иргэнд хууль тогтоомжийг тайлбарлан таниулж, гудамж талбайд үйлдэгдсэн 2152 зөрчлийг шийдвэрлүүлж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажилласан байна.
Мөн cүүлийн жилүүдэд хотын хүн ам, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байгаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд бүрэн хяналт тавих боломжгүй байдлыг үүсгэж байна гэж үзэн НИТХ-аас хичээл, сургууль цуглах ачаалалтай үеийг жигдэртэл олон нийтийн цагдаа ажиллуулахаар болcон байна. Зам тээврийн осол, хэргийн гаралтаас учрах хохирлын нөхцөл байдалд тээврийн хэрэгсэл болон жолоочийн тоо чухал нөлөөтэй. Энэ оны эхний 6 сарын байдлаар нийслэлд гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 24,7 хувиар буурсан бол нас барсан хүний тоо өмнөх оноос 28,1 хувиар өсч, гэмтсэн хүний тоо 19 хувиар буурсан статистик мэдээ байна. Тэгвэл нийслэлд 555 замын цагдаагийн эрх бүхий ажилтан байгаа нь шаардлагатай орон тооноос 2,6 дахин бага буюу нэг алба хаагч 3 хүний ажил үүргийг гүйцэтгэж байна. Зөвхөн нийслэлд 1450 замын цагдаагийн алба хаагч ажиллах шаардлагатай байгааг холбогдох албаны хүмүүс хэлж байгааг НИТХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тасгаас мэдээлж байна.


Ж.Батсайхан

Связанные новости