Замын цагдаагийн албаны "Чадварлаг хамт олон" шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсад цагдаагийн алба байгуулагдсаны 97 жилийн ой маргааш болно. Тус албныхан баяраа угтсан олон ажил өрнүүлдэг. Замын цагдаагийн алба Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран өчигдөр “Чадварлаг хамт олон-2018” шалгаруулах цогцолбор тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Энэ жил тус тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд алба хаагчид урлаг, спорт, мэдлэг, чадвараараа нийт арван төрлийн тэмцээнд долоон сарын хугацаанд өрсөлдөж өнөөдөр сүүлийн төрөл болох “Аха” тэмцээн явагдаж нийлбэр дүнгээ гарган аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээнийг алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг өсгөн нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудалд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, биеийн тамир, спорт, урлаг, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх, албаны үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулжээ. Тэмцээнд тус албаны нийт 19 харьяа газар, хэлтэс, нэгжийн 11 багийн тамирчин, алба хаагчид сагсан бөмбөг, биллъярд, гар бөмбөг, дартс, ширээний теннис, усанд сэлэлт, дуу яруу найраг, албаны шуурхай бэлэн байдал, хөл бөмбөг, АХА гэсэн төрлөөр өрсөлдөв. Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд 32 оноогоор таван хэлтсийн хамтарсан “Оргил” багийн хамт олон, хоёрдугаар байранд 38 оноогоор Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид, гуравдугаар байранд 49 оноогоор Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хамт олон шалгарлаа. Тэмцээнд амжилттай оролцсон хамт олон гэр бүлийн гишүүдийн хамт Гадаад улс болон эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялах эрхийн бичиг, цом, өргөмжлөлөөр шагнуулсан байна.
Ж.Батсайхан