Батлан хамгаалахын сайд Н.Энхболд баярын мэндчилгээ дэвшүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, сонсогч, дайнд оролцож, дарийн утаа үнэртэн чөлөөнд гарсан хүндэт буурлууд, ахмад дайчид, Батлан хамгаалахын алба хаагчид, төрийн цэргийн байгуулалын нийт бие бүрэлдэхүүнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгалалахын сайд Н.Энхболд Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярын мэндийг уламжилж байна.
Тэрбээр мэндчилгээндээ, Монгол Улсын түүхийн бүхий л эгзэгтэй үед төр, түмнийхээ итгэл, найдварыг хүлээн эх нутаг, газар шорооныхоо бүрэн бүтэн байдал, эх орныхоо тусгаар тогтнол, элгэн садан, Монгол түмнийхээ амар амгалан амьдралыг харийн аливаа халдлагаас соргогоор хамгаалах өндөр хариуцлага, нэр төртэй үүргийг гүйцэтгэж, түүнд ухамсарт амьдрал, бие сэтгэл, эрдэм чадвараа бүрэн зориулсан үе үеийн дайчдын гавъяат үйлсийг баярын энэ өдөр хүндэтгэн дурсахад таатай байна. Монголын ард түмэн улс орноо тусгаар тогтнуулж, бүрэн бүтэн байдлаа хадгалан үлдээхийн төлөө өнгөрсөн 20 дугаар зууны туршид үлэмжийн хүчин чармайлт гаргасны дотор 1911 оны Үндэсний эрх чөлөөний тэмцэл, 1921 оны Ардын хувьсгал, Халхын голын 1939 оны байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, Улсын баруун хилд болсон зэвсэгт тулгаралтын ялалт, улс орны хөгжил, цэцэглэлтийн онцгой үе шат бүрд Монгол цэрэг өөрийн үүргээ гүнзгий ухамсарлан түүхэн үүрэг гүйцэтгэсэн гавъяатай билээ. Дэлхий дахинаа даяаршлын үйл явц эрчимжиж буй энэ үед улс орноо батлан хамгаалах зорилго, зорилтыг бүс нутгийн болон дэлхий дахины энхийн үйл явцын нийтлэг хандлагатай уялдуулан Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд Зэвсэгт хүчний дайчид, цэргийн багийн бүрэлдэхүүн хувь нэмрээ оруулан, үүрэг гүйцэтгэж, дэлхий дахинаа нэр алдраа мандуулж байгаа нь Монгол цэргийн дайчин замнал, түүхийн хуудсыг шинэ агуулгаар баяжуулж буй хэрэг төдийгүй, ард түмнийхээ бахархал, хүндэтгэлийг хүлээх сайхан боломжийг бүрдүүлж байгаа билээ. Цэнхэр дуулгат дайчиддаа тангараг нэгт дайчин нөхөд, аав, ээж, гэр бүлийнхэн чинь сайн сайхныг хүсэн баярын мэнд хүргэж байна гэжээ.
Ж.Батсайхан