Азийн сайд нарын дараагийн хурлыг Австралид зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-07-06 15:05:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад энэ сарын 03-06-нд болсон Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын үр дүнгийн талаар өнөөдөр Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаарх Тусгай төлөөлөгч Мами Мизутори болон Австрали улсын Олон улсын хөгжил болон Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан сайд Кончетта Фиерраванти-Веллс нар мэдээлэл хийв.

Уг хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн болон Европ, Африкийн 50 гаруй улс, 1583 олон улсын байгууллагын 3500 гаруй төлөөлөгч оролцож, гамшгийн эрсдлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх боломж, нөхцлийн талаар хэлэлцсэн юм. Хурлын төгсгөлд “Улаанбаатарын тунхаглал”, “2018-2020 онд гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр Азийн бүс нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталсан байна. Уг баримт бичигт хуралдаан оролцож, үг хэлсэн төлөөлөгч бүрийн саналыг тусгахыг эрмэлзсэн гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин онцлов.

Тэрбээр, “Хурлаар гамшгийн хор уршгийг арилгах бус түүнээс урьдчилан сэргийлэх талаар түлхүү ярилцлаа. Мөн гамшигтай тэмцэх төлөвлөгөөг нарийн боловсруулах, төр, хувийн хэвшил, ТББ-ууд, иргэд гээд бүх нийтийн оролцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг онцлон хэлэлцлээ. Гамшигт хамгийн их өртдөг хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах, гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэх нь чухал гэдгийг оролцогчид онцолсон. Түүнчлэн гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг мэдээллийг иргэдэд олгох нь хохирол бага байхад томоохон түлхэц үзүүлэх талаар санал солилцлоо. Одооноос энэ бүхнээ хэрэгжүүлэхийн төлөө улс орон бүр ажиллах нь чухал” гэлээ.

Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын III бага хурлыг 2020 онд Австрали улсад зохион байгуулах болжээ. Энэ талаар тус улсын Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан сайд Кончетта Фиерраванти-Веллс, “Өнгөрсөн онд дэлхий нийтэд болсон 10 гамшгийн 6 нь Азид болсон байна. Тиймээс бүс нутагт гамшигтай тэмцэх ажиллагааг эрчимжүүлэх, үр дүнтэй зохион байгуулах нь туйлын чухал юм. 2016 онд Балбад газар хөдлөлт болохоос өмнө Австралийн Засгийн газраас тус улсын 169 сургуулийг гамшигт тэсвэртэй болгох их засварын ажил хийсэн. Ингэснээр газар хөдлөлтийн үед дээрх сургуулиудыг иргэдийн хоргодох байр болгон ашигласан юм. Энэ мэт сайн жишээг хурал дээр танилцуулахаас гадна улс орнуудын харилцан туршлага судлах боломжийг бүрдүүлнэ” гэв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Связанные новости