Хүүхдийн эрхийн төлөө нэгдсэн сүлжээ байгуулах санал гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-07-05 15:13:01
Улаанбаатар/МОНЦАМЭ/ “Иргэдийн оролцоо II” төслөөс санаачлан “Хүүхдийн эрхийг хамгаалах талаар хэлэлцье” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр ХЗҮХ-д боллоо. Хүүхдийн эрхийг зөрчсөн, нийгмийг цочроосон хэрэг ихсэх болсон үед ТББ-ууд болон хуульч, өмгөөлөгчдийг хамруулсан хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь цаг үеэ олсныг оролцогчид онцлоод хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх, хүүхдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, хуульч, өмгөөлөгч нарын хамтарсан Хүүхдийн эрхийг хамгаалах сүлжээ байгуулах нь зүйтэй гэж үзлээ.
 
МХХ-ны  Захиргааны эрх зүйн хорооны гишүүн, хуульч П.Баттулга “Хүүхдийн эрхийн асуудлаар, шүүхээр нэхэмжилсэн нэхэмжлэлийн жишээ, анхаарах зүйл”-ийн талаар тавьсан илтгэлдээ, “Хүчирхийллийн улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох, зам тээврийн осолд өртөх, уул уурхайтай холбоотойгоор хүүхдийг тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх, бага насны хүүхдүүд халуун тогоонд түлэгдэх, хурдан морины унаач хүүхэд бэртэх, агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэнд хохирох,  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөх зэрэг  олон  асуудлын гарцыг олохын тулд бид хүчээ нэгтгэх хэрэгтэй байна” гэдгийг анхааруулав. Ийм олон асуудал гарсаар байхад 2018 оны хагас жилийн байдлаар хүүхдийн эрхтэй холбоотой хоёрхон нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэсэн байна. Нэг нь, Боловсролын давалгаа” ТББ хариуцагч нь БСШУ-ы сайдын 2014 оны 06 сарын 03-ны сургалтын цөм хөтөлбөрийн “Иргэний боловсрол” хичээлд холбогдох 6.1 ба 6.2 хэсгийг тус тус хүчин төгөлдөр болгох тухай, хоёр дахь нь, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг тогтоолын дагуу 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд зохиогдсон Дүнжингарав уралдааныг хууль бус байсан болохыг тогтоох асуудлыг  шийдвэрлэсэн. Энэ нь хүүхдийн эрхийн асуудлыг аль хэр анхаарч байдгийн муу жишээ юм. Саяхан нэг айлын хоёр хүүхэд зам тээврийн осолд өртсөн харамсалтай хэрэг гарсан. Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага, эцэг эхчүүд хүүхдийн өмнө үүргээ биелүүлэхгүй, шийдвэр гаргах түвшний засаг захиргааны байгууллагууд хүүхдэд ээлтэй орчин бүрэлдүүлэхэд анхаарч ажиллахгүй байгаагаас иймэрхүү олон харамсалтай хэргүүд ар араасаа гарсаар байна. Хэргээс урьдчилсан сэргийлэхийн тулд судалгаа шинжилгээ, үнэлгээ дүгнэлт хийж нийгэмд хүчтэй хүргэмээр байна. Хуульчдын эрх зүйн мэдлэг дээр ТББ-уудын давуу эрхийг хавсаргаж хүчээ нэгтгэж хүүхдийн эрхийн төлөө тэмцмээр байна" гэж онцоллоо. “Отгонтэнгэр” их сургуулийн багш, судлаач Б.Отгонцэцэг “Эрх зүйн хөгжлийн төлөө” ТББ-ын гаргасан судалгаа буюу “Хүүхдийн өмчлөх эрхийн асуудал”-ын судалгааны талаар танилцууллаа. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал дотроос эцэг эхчүүд хүүхэд өмчлөх эрхийг илүүтэй зөрчиж байна. Тухайлбал 2015-2016 онд нийт 177 шийдвэр гаргасныг түүврийн аргаар 80 шийдвэрийг сонгон дүгнэж үзэхэд дагавар хүүхэддээ хөрөнгө хуваариладаггүй, гэр бүл салахад 7-оос доош насны хүүхдийн хүслийг сонсохгүйгээр зөвхөн ээж, аавынх нь саналаар шийдвэрлэх, хүүхдээ гудамжинд гаргачихсан мөртлөө нийгмийн халамжаас тэтгэмж авах болохоор гэнэт аав, ээж ийн үүргээ санан гараад ирдэг, эцэг эхчүүд хүүхдийнхээ нэр дээр байгаа газрыг зөвшөөрөлгүй авах, хүчирхийлэл үйлдэж байгаа эцэг эхийн талд шийдвэр гарах зэрэг олон жишээ дурдлаа.
Мөн насанд хүрээгүй хүүхэд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, уруу татагдах нь ихэссэнийг ч анхаарууллаа.
 Б.Содгэрэл













Связанные новости