Эрүүлжүүлэх байрыг 5 тэрбум төгрөгөөр бариагүй гэж ЦЕГ-аас мэдээллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх шинэ байрыг таван тэрбум төгрөгөөр барьж, ашиглалтад оруулсан тухай мэдээлэл цахим хуудсаар тарсан. Уг мэдээллийг хариуг ЦЕГ-ийн ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү өглөө.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байр буюу эрүүлжүүлэх байрыг шинээр барьж, 2016 оны зургадугаар сард ашиглалтад оруулсан юм байна. Гэтэл тус байрыг энэ онд ашиглалтад оруулсан, мөн таван тэрбум төгрөг зарцуулж барьсан гэх худал мэдээлэл тараасан болохыг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү залруулан хэллээ. Уг ажлыг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн А/44 дүгээр тогтоолоор баталж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар барьж, архидан согтуурсан хүмүүсийг түр саатуулах үйл ажиллагаа явуулж байна.
Ж.Батсайхан