Хүнсний аюулгүй байдлыг алдагдуулдаг үйлдвэрлэгчдийг шүүхэд өгнө гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2018-06-28 15:00:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, “Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалдаг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг алдагдуулж зөрчил хэрэг үргэлжлүүлэн гаргасаар байвал эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнд тооцож, шүүхэд өгнө” хэмээн өнөөдөр НМХГ-т болсон хурлын үеэр мэдэгдэв.
Тэрбээр, “Тээвэрлэлтийн горим алдагдаж муудсан, хаяг шошгийн асуудалтай, хадгалалтын хугацаа дууссан зэрэг чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг иргэдэд түгээж байсан “Хаан жимс”, “Стимо”, “Суман гүн” зэрэг ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, зөвшөөрлийг цуцалсан. Цаашид ийм маягаар хатуу арга хэмжээ авах болно” гэв.
Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Т.Оюунбилэг, “НМХГ-аас энэ онд хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхэлдэг 350 байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт явуулсны дүнд давхардсан тоогоор 2373 зөрчил илрүүлж, нийтдээ 96 сая төгрөгийн торгууль ногдууллаа. Хяналт шалгалтын явцад 148 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг нян судлалын шинжилгээнд хамруулснаас мах махан бүтээгдэхүүн тэр дундаа “Зочин хүнс”, “Аягын нуур”, “Ник”, “Очир дагинас” ХХК-ийн хагас утлагат хиаманд бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хамгийн их агуулагдаж байсан. “Батдайз” ХХК-ийн “Талст”, “Оюуны холбоо” ХХК-ийн “Хануй”, Витафит Инвест ХХК-ийн “Вита” нэрийн савласан цэвэр усанд нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдсөн стандартаас 10-20 дахин их. Мөн “Хаан жимс”, “Эм Жи Эл Акуа” ХХК нь улсын комисс хүлээж аваагүй, зөвшөөрөлгүй барилгад үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосон. Түүнчлэн ургамлын гаралтай бүтээгдэхүүн буюу далайн байцаа, нөөшилсөн даршилсан хүнс, цай кофе, хоолны амтлагч, гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Черчилл”, “Жинтуул”, “Бэйст бэйкери”, “Гайхамшигт дөрвөн улирал”, “Хонгор тариа”, “Жэйл”, “Атар шим” зэрэг компанийн бүтээгдэхүүн орц найрлагын мэдээлэл агуулаагүй, агууламж, илчлэг чанарыг лабораторийн шинжилгээгээр оруулаагүй байсныг илрүүлсэн. Хяналт шалгалтын явцад зөрчил илэрсэн эдгээр компанийн бүтээгдэхүүнийг олон нийт худалдан авахгүй байхыг анхааруулж байна” хэмээв.
Б.Халиун

Связанные новости