Осол гаргасан цагдааг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-28 13:38:52

Улаанбаатар  /МОНЦАМЭ/ Энэ сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошууны Хөтөлийн замд цагдаагийн алба хаагч албаны машинтайгаа явж байгаад зам тээврийн ноцтой осол гаргаж, хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсныг ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулав. 

Тухайн үед 25 настай залуу үзэгдэх орчин хязгаарлагдсан харанхуй үед гарцгүй газраар зам хөндлөн гарахаар гүйх үед эл  осол гарчээ. Улмаар яаралтай эмнэлэгт хүргэгдсэн боловч хүнд гэмтэл авсан байсан учраас шархаа даалгүй нас барсан байна. Одоо ослын шалтгаан нөхцлийг тогтоох шалгалт үргэлжилж байна. Тухайн иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам хөндлөн гарахаар гарцгүй газраар гэнэт гүйснээс ийн амиа алдсан байна. Осол гаргасан цагдаа Налайх дүүргийн Замын цагдаагийн албанд ажилладаг, ажлаа тараад, албанд ашигладаг  автомашинтайгаа гэр лүүгээ харьж явжээ. 
"Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлж, аюулгүй байдалдаа анхаарахыг иргэддээ байнга анхааруулсаар байтал  явган зорчигчид хайнга ханддагаас ийм ослууд гарсаар байна. Өөдөөс ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрөөдөггүй, гарц гарамгүй газраар гүйж гардаг, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам гарч байгаад амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Энэ хэрэг хууль дүрмийн дагуу шалгагдаж, шийдэгдэнэ. Түүнээс биш замын цагдаагийн албан хаагч гээд хууль үйлчлэхгүй байх үндэслэлгүй юм. Хууль хяналтын байгууллага шалгаж байна” гэсэн хариуг Б.Баатархүү өглөө.
Ер нь замын хөдөлгөөний дүрэм ганцхан жолоочид биш явган зорчигчид ч гэсэн хамааралтай. Замын хөдөлгөөний дүрэмд явган зорчигчдод дараах зүйлийг хориглосон байдаг. Үүнд гарц гарамгүй хэсгээр гарах, аюулгүй байдлаа хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэгт зогсох, эсвэл саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглосон байдаг. Мөн ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглодог. Гэтэл иргэд яарч сандрах эсвэл зам товчлох гэж гарцгүй газраар гарах нь буруу юм. Гарцаар гарч байгаад зам тээврийн осолд өртсөн бол учирсан хохирлоо төлүүлэх боломжтой. Харин явган зорчигч гарцгүй газраар явсны улмаас хохирсон тохиолдолд зорчигчийн буруу болдог гэдгийг иргэдэд дахин дахин анхааруулья.

 

Ж.Батсайхан

Связанные новости