АТГ 332 эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-25 16:19:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/.АТГ-аас сар бүрийн 25-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг уламжлалаараа 6 дугаар сарын ажлаа тайлагнав. Тус газар энэ сард Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас шалгуулахаар харъяалал тогтоосон нийт 358 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.Үүнээс эрүүгийн 8 хэргийг шүүхэд  шилжүүлсэн бол 34 хэргийг хаах саналтай прокурорын байгууллагад шилжүүлж, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлжээ. Одоогоор 332 эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь Компанийн тухай хууль, дүрмийг зөрчин хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах тухай ТУЗ-ийн зохих зөвшөөрөл шийдвэргүйгээр дур мэдэн нэр бүхий аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэл, "МИАТ" ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан зарлагдсан тендерийг хууль бусаар явуулан өөрсдийн  хамаарал бүхий  аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож улмаар хахууль авсан байж болзошгүй үйлдэлд, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын эрх бүхий албан тушаалтнууд болох Р, Н нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газраас зарласан тендерүүдэд аж ахуйн нэгж, байгууллагуудыг хууль бусаар давуу байдал олгон сонгон шалгаруулан удаа дараагийн үйлдлээр хахууль авсан гэх үйлдэлд мөн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын удирдах албан тушаалтан Э нь  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд  бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийг нээн шалгаж байна гэв. 
Прокурорын байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлсэн зарим хэргийн хувьд Дорнод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Гурванзагал суманд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн “Мах сүү, сүүний чиглэлийн үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч олгох” төслийг сонгон шалгаруулалтгүйгээр өөрсдийн хамаарал бүхий төрсөн ах, дүү нартаа олгож бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэл, мөн  Буянт-Ухаа спортын ордон төрийн өмчит аж ахуйн тооцооны газрын захирал нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий компани буюу бэрийнхээ харуул хамгаалалтын компанийг хууль бусаар сонгон шалгаруулж давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлжээ. 
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын газрын даамал нь тус сумын Засаг даргыг огцруулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ИТХ-ын төлөөлөгчийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэг, УБЕГ-ын харьяа Нийслэлийн бүртгэлийн эрх бүхий албан тушаалтнууд нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн иргэн C-ийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгүүдийг бусдын эзэмшил рүү хууль бусаар шилжүүлж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг, “Зорчигч тээврийн нэгтгэл” ТӨҮГ-ын дарга Т нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин зах зээлийн дунджаас хэт өндөр үнээр бараа материал худалдан авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг, МХЕГ-ын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга А, мөн газрын Хорио цээрийн стандартын хэлтсийн дарга Б нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хясан боогдуулах замаар нийт 24 удаагийн үйлдлээр бусдаас хахууль авсан хэргийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байна.
Шүүхээр шийдвэрлэгдсэн зөрчлийн хувьд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн албан тушаалтнууд болох Л.Амарбат, П.Болдбаатар, Д.Баярсайхан нар нь төрийн өмчит хувьцаат компанид тодорхой удирдах болон эрх бүхий албан тушаал эрхэлж байхдаа танил, найз нөхөддөө тус болсныхоо хариуд хуульд заасан цалин хөлс, урамшууллаас гадуур бэлэг авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийг зөрчсөн гэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзээд тэдний хууль бусаар олсон 10 сая төгрөгийг тус бүр гаргуулан улсын орлогод оруулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 576 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 53 гомдол, мэдээллийг  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч шалгасан. 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 4 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгасан байна. Одоогоор 27 гомдол мэдээллийг шалгаж байна.Энэ удаагийн хэвлэлийн хуралд тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцлоо.
Б.Содгэрэл
Связанные новости