Шүүхийн шинэчлэл, тогтолцооны асуудлыг хуульч судлаачид түлхүү хөндлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-19 14:45:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/."Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хуульчдын оролцоо "уриан дор болж буй "Хуульчдын форум-2018"- нэгдсэн хуралдаанаар эхэлж үдээс хойш “Хараат бус шүүх ба хууль дээдлэх ёс” салбар хуралдаанаар үргэлжилж байна. Уг хуралдаанд илтгэл тавьж хэлцүүлсэн зарим хуульчдын хөндсөн асуудлыг товчлон онцольё. 
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан  "Шүүхэд итгэх олны итгэл сайжирч байна. "Сант марал"-аас гаргасан судалгаагаар шүүхэд итгэх итгэл 26 хувь байснаас 40 хувь болж нэмэгджээ. Шүүхийн захиргааны байгууллагыг шүүн таслах ажиллагаанаас таслан байгуулсан нь маш зөв болсон. Шүүгчийн цалин 2.2-3.3 сая төгрөг болж нэмэгдсэн. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд сонгон шалгаруулалт, ёс зүй, сахилгын асуудал гээд бүх зүйлийг төвлөрүүлэх шаардлагагүй. Хууль дээдлэх ёс бэхжсэн орнуудад нэг байгууллагад бүх эрх мэдлийг төвлөрүүлдэггүй. Мөн Монгол Улсын тухайд шүүх, шүүгчтэй харилцах Ерөнхийлөгчийн эрх мэдэл их байна. Энэ эрх мэдлийг хязгаарлах нь хараат бус шүүхийг бэхжүүлэхэд чухал" гэв. "Оюуны инноваци" ТТБ-ын шүйцэтгэх захирал П.Баттулга, "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль баталснаар шүүгчид тавих нөхцөл шаардлагыг нарийвчилсан. Шүүгч сонгон шалгаруулах журмыг дөрөв дэх удаагаа шинэчиллээ. Мөн Хуульчдын холбоо тухайн шүүгчээр нэр дэвшигчид дүгнэлт гаргаж байгаа. Гэтэл Хуульчдын холбооны тэр дүгнэлт болон шалгалтын оноог Шүүхийн ерөнхий зөвлөл төдийлөн харгалзахгүй байх шиг. Шүүгчийн сонгон шалгаруулалтыг үзэмжээр явуулж байна. Уг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурал нээлттэй байх талаар хуульчилсан байдаг. Гэтэл өдийг хүртэл хаалттай хуралдаж ирсэн. Шүүгчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх ёстой. Эндээс хараат бус шүүхийн асуудал эхэлнэ" гэсэн санал гаргав.Тэгвэл МУИС-ийн ХЗС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, "2012 оноос хойш хэрэгжиж буй шүүгчийн сахилгын хэрэг шийдэж байгаа ажиллагаанд дүгнэлт хийж үзэхэд нэг зүйл тодорхой байгаа. Шүүхийн сахилгын хорооны шийдвэрийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа дээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийнх байна гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, ердийн маргаантай адилтган үзэж байна. Нийт хүчингүй болгосон маргааны 58 хувь нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, ёс зүйн зөрчилд хамаарахгүй асуудлаар дүгнэлт гаргасан байна гээд шүүхээс сахилгын хорооны дүгнэлтийг хүчингүй болгож байгаа юм. Энэ нь эргээд шүүгч нар нэгэндээ хариуцлага тооцдоггүй гэх мэдээлэл тархахад хүргэдэг" гэлээ. ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "О.Мөнхсайхан, П.Баттулга нарын судлаачдын хэлсэнтэй санал нэг байна. Үнэхээр ч шүүхэд итгэх иргэдийн итгэл жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Гэхдээ би хувь хүнийхээ хувьд, шүүхийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд шүүх хараат бус бие даасан байдлаа бүрэн хангаж чадаагүй гэж хэлнэ. Томоохон бизнесийн, улстөрчдийн асуудлыг шийдвэрлэх үед дарамт шахалт ирэх нь бий. Үүнтэй энд сууж байгаа олонх хуульч санал нийлнэ. Орон нутагт иргэд шүүхдээ итгэж найддаг. Харин Улаанбаатарт байдал арай өөр. Нэгдүгээрт, шүүх хэдийгээр нээлттэй, хүртээмжтэй болох асуудлыг ярьж байгаа боловч нөлөөлөл их байна. Мөн шүүхийн дотоод хараат бус байдал шийдэгдээгүй. Шат шатны шүүхийн бие даасан байдлыг хангах шаардлагатай байна. Улсын дээд шүүх сургалт, судалгаа, ажилтай танилцах нэрээр ерөнхий шүүгч нарыг дуудаж уулздаг байдал байсаар байна. Би Улсын дээд шүүхийг сургалт хийдэг, зөвлөмж өгдөг биш хэрэг маргаан шийдвэрлэсэн байдлаараа үлгэр дууриал болох ёстой гэж үздэг. Дээд шүүх үнэхээр бусдад заамаар байгаа бол шийдвэрээ л зөв гаргах хэрэгтэй. Тэгэхгүйгээр чиглэл өгдөг, зөвлөдөг, зааж сургадаг байж болохгүй. Тэгэхгүй бол Дээд шүүхээс уяатай хэдэн шүүгчтэй болох нь" хэмээн байр сууриа илэрхийлэв. Улсын Дээд шүүхийн шүүгч Д. Мөнхтуяа "2013 оны Шүүхийн багц хуулиар шүүн таслах ажил, шүүхийн захиргааны ажил хоёрыг салгаж өгсөн нь ололт юм. Хэрэг шийдэж байгаа шүүгч нь адаглаад  шүүхийнхээ төсвийг бүрдүүлнэ гээд хаалга сахиж гүйхгүйгээр хараат бус байдал нь дээрдсэн. Бас хэн ч байсан шүүн таслах ажилд нөлөөлж болохгүй гэсэн олон улсын стандартад нийцсэн зохицуулалт хийж өгсөн. Гэтэл яагаад иргэд шүүхэд итгэхгүй байна вэ. Иймээс иргэдийн итгэл суларч буйд дүгнэлт хийх ёстой. Шүүхийн шийдвэр судалгаанд гардаггүй, судлаачид түүнийг нь хэлэлцдэггүй явдлаас болж байна уу гэж хардаг. Шүүгч авлига авдаг асуудал тусдаа. Авлига бол ёс зүйн зөрчил биш. Гэмт хэрэг учраас түүнийг тогтоон шалгадаг  зарчмаараа явах хэрэгтэй. Анаж байгаад зөрчил гаргахаар нь шийтгэх зорилготой юу. Зөрчил гаргахаас нь сэргийлж туслах зорилготой байх уу. Нэмээд хэлэхэд УИХ-ын сонгуулиар манай улс төрийн намууд "шүүх засаглалыг шударга болгоно" гэж амлаад байх шиг байна. Уг нь шүүх засаглалд нөлөөлөхгүй гэж амлах ёстой юм" гэж дээрх нөхдийн саналд мөн л шүүхийн байр сууриа тодотгож хэллээ. Энэ хэлэлцүүлгийн дараа яг одоо МУСГЗ, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, орчуулагч Ц.Гомбосүрэн, эдийн засагч Д.Жаргалсайхан нартай хуульчид чөлөөт ярилцлага хийж байна. Үүний дараа дахин салбар хуралдаан үргэлжилж 18 цагт нэгдсэн хуралдаанаараа хуульчдын форумын шийдвэрийг танилцуулна гэж хурлыг зохион байгуулагчид мэдээллээ.
 

Ж.Батсайхан

 

 
Связанные новости