НОБГ-аас сэтгүүлчддийн дунд сургалт, буухиа уралдаан зохион байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-15 18:28:43
 Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Энэ сарын 14-ны өдөр Гацууртад  НОБГ-аас гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах зорилгоор  “Хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн”гамшгаас хамгаалах сэдэвт үзүүлэх сургууль, сургалт хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн дунд 6 төрлийн тэмцээн, гүйлтийн буухиа уралдаан  зохион байгууллаа.
Сургалтаар  гамшгийн үед өөрийгөө болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалах анхан шатны мэдлэг чадварыг сэтгүүлчдэд зааж сургалаа. Зөвхөн сонин цаас ашиглаад аяга, сав хийх, сонины цаас ашиглаад хугарсан гарт хөлд тулгуур ороолт болгон ороох, янз бүрийн оосор зүүлт хийх, цүнхэнд зайлшгүй авч явах зүйлийг ч нэгбүрчлэн зааж өгсөн нь сонирхолтой хичээл, дадлага болов.
Хэвлэл мэдээллийн байгууллагын 40 гаруй сэтгүүлчид хоёр багт хуваагдан “Бэлэн байдал хангах”, “Саадтай гүйлт”,“Гал унтраах –Утаанаас дүрвэх”, “Хамтын хүч- Тэсч амьд үлдэх” гэсэн 4 төрлийн буухиагаар  оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Буухиа тэмцээний арга хэмжээнд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Э.Дагиймаа болон НОБГ-ын удирдлагууд оролцож түрүүлэгчдэд шагнал гардууллаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг Даргын “Жуух бичиг”-ээр МҮОНТ-ийн ММ агентлагийн зураглаач Л.Өлзийбаяр, "Ийгл" телевизийн сэтгүүлч Г.Балжинням нарыг  шагнав.
Б.Содгэрэл

Связанные новости