Хамгаалалтын бүс хэрэглээгүйгээс 47 хүүхэд энджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-06-06 14:04:51
Улаанбааатар /МОНЦАМЭ/.НЗДТГ, ЗЦА, “Замын аюулгүй байдлын үндэсний төв” ТББ, Нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн нэгдлүүд хамтран “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төсөл хэрэгжүүлж буйгаа зарлалаа.
Төслийн Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон НЗД С.Батболд "Зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх үүднээс хамгаалах бүс малгайг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөсөн. Нийслэлийн нийт иргэддээ тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүсээ зүүж эрүүл мэндээ хамгаалж, төслийн үйл ажиллагааг дэмжихийг уриалж байна" гэв.
ЗЦА-наас хийсэн судалгаагаар автозамын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын 93.8 хувь, зорчигчийн 73 хувь хамгаалах бүс бүсэлдэг бол 4 хувь хэрэглэсэн эсэх тодорхойгүй, 20 хувь суудлын бүс огт хэрэглээгүйгээс үүдэн амь насаа алджээ. Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 55 хүүхэд нас барсны 47 нь суудлын бүс хэрэглээгүй байв. Тиймээс иргэдийн амь насыг хамгаалах зорилго бүхий дээрх төслийн хүрээнд 18 сарын турш хамгаалах бүсний ач холбогдлыг сурталчлах, тогтмол хэрэглэхийг уриалах зэрэг нөлөөллийн ажлыг зохион байгуулна. ЗЦА-наас жолооч, зорчигчдыг хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж хэвшихэд туслах зорилгоор байнгын хяналт, шалгалт хийж байгаа ажээ. 
Мөн энэ үеэр НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа хэлэхдээ, Тээврийн хэрэгслээр зорчигчдын дийлэнх нь хамгаалах бүс зүүдэггүйн нэг шалтгаан нь автомашины суудлын бүрээс үйлдвэрлэгчид бүсний нүх гаргадаггүйтэй холбоотойг хэлж байв. Түүнчлэн Монголын автомашин, мотоспорт сонирхогчдын холбооноос хамгаалах малгайг тогтмол хэрэглэж хэвшихийг уриаллаа. Мотоцикль нь унах, осолд өртөх эрсдэл өндөртэй тул хамгаалах малгай хэрэглэснээр тархины гэмтэл цаашлаад амь насаа эрсдэлд оруулахаас сэргийлнэ гэдгийг ч хэлж байв.
 
 
О.Болорцэцэг
Связанные новости