Төрөөд удаагүй нярай эхийн үхлийн шалтгааныг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЭХЭМҮТ-д эрүүл саруул амаржсан эх эмнэлгийн цонхоор унаж амиа хорлосон харамсалтай хэргийн шалтгааныг шалгаж байна. Энэ сарын 1-нд буюу Хүүхдийн баярын өдрийн 06 цагийн орчимд уг хэрэг гарчээ. Энэ харамсалтай хэргийн шалтгааныг олж, залуу эхийн үхлийн учир зүйг зөв тайлахад анхаарууштай байгааг эмнэлгийн зүгээс анхааруулж байна.
Төрсний дараа эхчүүдэд тохиолддог хямрал түүнд хүчтэй нөлөөлдөг гэдгийг эмч нар хэлж байгаа юм. Тиймээс дөнгөж төрсөн эхчүүд болон тэдний асран хамгаалагч нарт анхааруулах зөвлөмж өгөх нь чухал байна.
Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл эмэгтэй хүн жирэмсэн байх 10 сарын хугацаанд цусанд эм бэлгийн даавар буюу эстроген, прогестерон байнга өндөр хэмжээнд байдаг төдийгүй төрсний дараа дааврын хэмжээ гэнэт буурснаас сэтгэлзүйд олон өөрчлөлтүүд илэрдэг. Эм бэлгийн дааврын зохицуулга нь төрснөөс хойш 7-14 хоногт хэвийн байдалдаа буцаж ордог бөгөөд дааврын улмаас үүсч байгаа өөрчлөлтүүд нь эмгүйгээр засагддаг. Дааврын огцом бууралт болон бусад нөлөөллүүдээс үүдэн төрсөн эх цочромтгой, түргэн ууртай, уйламхай, олон ааштай, нойргүй, гунигтай, зожиг ганцаардмал, хоолондоо сонирхолгүй, эсвэл эсрэгээрээ хэт их идэх, мөн бэлгийн дур хүсэл буурах зэрэг өөрчлөлтүүд гардаг байна. Энэ үед тохиолддог сэтгэл гутралыг хоёр ангилж үздэг байна.
Хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал ихэвчлэн төрсний дараах эхний хоёр долоо хоногт илэрдэг бөгөөд ямар нэгэн эмчилгээ шаардлагагүйээр аяндаа хэвийн байдалд ордог. Харин хүнд хэлбэрийн сэтгэл гутрал нь сэтгэл санааны тогтворгүй байдал хоёр 7 хоногоос дээш хугацаагаар үргэлжилвэл төрсний дараах сэтгэл гутрал гэж үздэг. Энэ хоёр төрлийн сэтгэл гутралыг засахгүй бол эх хүн өөртөө болон хүүхэддээ санаанд оромгүй байдлаар сөргөөр хандаж эхлэх, үргэлж золгүй байдлыг зөгнөж бодох, ярих, байнгын сэтгэл түгшүүртэй болох, улмаар эх хий зүйл харах, дэмийрэх гэх мэт сэтгэцийн гүн эмгэгтэй болох шинж тэмдэг илэрдэг аж. Амиа алдсан 27 настай бүсгүй 5 дугаар сарын 26-нд төрсөн бөгөөд эмнэлэгт 4-5 хоног сахиуртай байжээ. Гэвч сахиур нь түүнийг ийм үйлдэл хийснийг мэдэлгүй, унтаж байсан бололтой. Болсон явдлыг нягтлан шалгаваас ар гэрийн ямар нэг дарамт шахалт байхгүй, хүүхэд нь эрүүл саруул төрсөн, юуны учир амиа хорлох болсон нь тодорхойгүй байна. Хэргийн шалтгааныг тодруулахаар Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Ж.Батсайхан