Цахилгаанд түлэгдэж нас барсан шалтгааныг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28 дугаар гудамжинд байрлалтай цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо 3 хүн түлэгдсэн ноцтой осол гарчээ. Ослын үеэр түлэгдэж гэмтсэн 25 настай, эмэгтэй Н өнгөрөгч сарын 31-ний орой нас барсан байна.
Энэ хэрэг өнгөрсөн 5 дугаар сарын 25-ны өдрийн 16:05 цагийн орчимд болжээ. Цахилгаан хуваарилах байгууламжид 25 настай бүсгүй хоёр бага насны эрэгтэй хүүхэд дагуулаад санамсаргүй орох үед гэнэт цахилгаан буудсанаас түлэгдэж, эмнэлэгт хүргэгджээ. Уг ослын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт хараахан гараагүй ч хэргийг Дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа. Цагдаагийн авсан урьдчилсан мэдүүлгээр тус дэд станцын хаалга онгорхой байсан. Бага насны хүүхдүүд дотогш нэвтэрч, цахилгааны гэмтэл үүсгэсэн байж болзошгүй, нарийвчлан шалгасны дараа гэмт хэргийн шалтгаан тодрох юм байна.
Ж.Батсайхан