"Говийн чоно-2018"-аар эрэлч нохойн хамтарсан сургалтаар хүний амь аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-30 12:14:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/."Говийн чоно-2018" сургалт дадлагын үеэр  ОБЕГ-ын харьяа “Нохойн алба”-ны сургагч багш, сонсогч нар АНУ-ын Аляскийн үндэсний гвардын Хавайн “Нохой сургалтын төв”-ийн сургагч багш нарын хамтарсан сургалт, дадлага, туршлага солилцох сургалт хийж байна. Энэхүү “Эрэлч нохой сургалт, арчилгаа” сэдэвт хамтарсан сургалт, дадлага, туршлага солилцох үйл ажиллагаа энэ сарын 28-наас ирэх сарын 06-ныг хүртэл үргэлжилнэ. Сургалт, дадлагын хүрээнд АНУ-ын Аляскийн үндэсний гвардын Хавайн “Нохой сургалтын төв”-ийн үйл ажиллагааг танилцуулах, харилцан туршлага солилцох, орчин үеийн дэвшилтэт техник, технологитой танилцахын зэрэгцээ Онцгой байдлын албаны эрэлч нохойн чадварыг шалгаж үнэлэх юм. Мөн нуранги, уул, уснаас эрэн хайх дадлага, нохойн арчилгаа, сувилгаа зэрэг сэдвээр сургалт дадлагуудыг хамтран зохион байгуулж буйгаараа онцлог гэж  "Говийн чоно-2018" сургалтын багаас мэдээллээ. Мөн үеэр нэгэн сонин тохиолдол болжээ. Ховд аймгийн төвөөс 5 км-т орших “Шүүтийн тохой”-д өндөр хясаан дээрээс унаж амиа хорлохыг завдсан эмэгтэйг ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албаны дарга ахлах дэслэгч Ш.Отгонжаргалаар ахлуулсан гурван алба хаагч шуурхай ажиллаж амийг нь аварсан байна. “Шүүтийн тохой” дахь Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургалтын төвд ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албаны бүрэлдэхүүн болон АНУ-ын Аляскийн үндэсний гвардын Хавайн “Нохой сургалтын төв”-ийн сургагч багш нарын хамтарсан өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургалт явж байсан тул ийнхүү амиа хорлохыг завдсан эмэгтэйг аварчээ. Эрэлч нохойн албаны нохой хөтлөгч ахлах ахлагч Б.Дэлгэрсайхан, ахлагч Ц.Нямбаяр дэд ахлагч Б.Ерөөлт нар уг эмэгтэйг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Ж.Батсайхан

Связанные новости