Майкл Пенсийн мэдэгдлийг Умард Солонгосын эрх баригчид эрс буруушааж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-05-24 11:48:17
ПХЕНЬЯН. /ТАСС/. БНАСАУ цөмийн зэвсгээсээ татгалзахгүй бол Ливийн хувь заяаг давтаж магадгүй тухай АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенсийн мэдэгдлийг Умард Солонгосын эрх баригчид эрс буруушааж байна гэж тус улсын Төв цахилгаан мэдээний агентлагийн пүрэв гарагт нийтэлсэн гадаад хэргийн орлогч сайд Чве Сон Хи-гийн мэдэгдэлд тэмдэглэжээ.
 
“Ливид авч хэрэгжүүлсэн арга хэмжээ БНАСАУ-д давтагдаж болзошгүй хийгээд тус улсын эсрэг цэргийн хүч хэрэглэх хувилбарыг АНУ орхиогүй байгаа тухай болон цөмийн зэвсгээсээ эргэлт буцалтгүй бүрэн ангижрах шаардлагатай талаар АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс хоосон хийрхсэн, шазруун мэдэгдэл хийлээ. Америкийн дэд ерөнхийлөгч тэнэг бөгөөд бүдүүлэг үг хэлсэнд ихээхэн гайхаж буйгаа АНУ-тай харилцах асуудалд хамааралтай хүний хувьд би илэрхийлж байна” гэж Чве Сон Хи мэдэгдсэн байна.
 
М.Пенс тавдугаар сарын 22-нд телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө “Умард Солонгосын эрх баригчид цөмийн зэвсгээсээ татгалзахгүй бол Ливид өрнөж, Каддафийн дэглэмийг унагасан үйл явдалтай адилхан хэрэг явдал БНАСАУ-д гарна” хэмээн мэдэгдсэн юм.
 
Лу.Батбаяр

Связанные новости