Сэлэнгийн түймрийн тархалтыг зогсоожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар (сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т) ойн түймэр энэ сарын 17-ны өдөр гарсан. Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар хур тунадасгүй, хуурайшилттай салхины хурд, хүч ихтэй байгаагаас түймрийн нөхцөл байдал хүндэрч хүч нэмсэн.
Түймрийн бүсэд ОБЕГын алба хаагч, Аврах тусгай ангийн 52 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 72 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, нийт 178 хүн, 12 автомашин, 6 морьтой иргэд унтраахаар ажиллажээ. Түймрийн тархалтыг өчигдрийн байдлаар зогсоосон байна. Түймрийн голомтод унах эрсдэлтэй мод их, хөвд доогуур шаталт явагдаж, гэнэтийн хүчтэй салхи гарч байгаа бөгөөд түймрийг бүрэн унтраан, цэвэрлэгээ хийхээр ажиллаж байна.
Ж.Батсайхан