10 хүүхэд ослын улмаас бэртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Энэ сарын 14-17-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 1135 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 768 дуудлага бүртгэгдсэн байна.
Ослын улмаас нийслэлд 51 хүн гэмтэж бэртсэний 10 нь бага насны хүүхэд явганаар зорчихдоо осолд өртсөн байна. Осолд өртсөн хүүхдийн долоо нь ганцаараа явж байсан бол гурав нь эцэг, эхийн хамт явж байжээ.
Замын цагдаагийн албан хаагчид гудамж замд хяналт шалгалт хийж ажиллахдаа хулгайн эд зүйл тээвэрлэж явсан гэмт хэргийн сэжигтэн 8 этгээдийг илрүүлэн харьяа Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 126 зөрчлийг илрүүлжээ. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочид шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулав. Нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 29 осол, мөргөлдөх хэлбэрээр 30 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд нийт бүртгэгдсэн ослыг өмнөх долоо хоногтой харьцуулбал зам тээврийн ослын дуудлага 1,9 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 10 хувиар тус тус буурсан бол гэмтсэн хүний тоо 34,2 хувиар, хүүхэд өртсөн осол 25 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Ж.Батсайхан