Прокурорын гомдлыг шүүх дахин хэлэлцээд С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 30 хоног хорихоор боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай санал ирүүлснийг дахин хэлэлцлээ. Тус шүүхээс үдээс өмнөхөн Ч.Сайханбилэг, С.Баяр нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Уг шүүгчийн захирамжид хуульд заасан эрхийнхээ хүрээнд прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч дахин хянасан байна. Ингээд С.Баяр, Ч.Сайханбилэг нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамж үндэслэл тодорхойгүй гэснээр шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг тус бүрийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгасан байна. Шүүх хуралд дээрх хүмүүсийн өмгөөлөгчид ирсэнгүй.
С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг тус бүрийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгасан байна. Шүүх хуралд дээрх хүмүүсийн өмгөөлөгчид ирсэнгүй.
Ж.Батсайхан