Цагдаагийн алба хаагчид цол нэмэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2018-05-09 14:07:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын даргын тушаалаар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан нэр бүхий алба хаагчид өнөөдөр цол нэмэв. 
Аугаа их Эх орны дайны Ялалтын 73 жилийн ойг тохиолдуулан “Цагдаагийн хурандаа” цолоор Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ, “Цагдаагийн хошууч” цолоор Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Шинэ-Од, хэлтсийн Хяналт шалгалт, үнэлгээ, ёс журмын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Н.Мөнхтулга, Г.Ганзориг, Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн ахмад Ц.Сайханзориг, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ж.Болдбаатар, мөн хэлтсийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн ахмад Д.Нямдорж, Л.Нандинбаатар нарыг шагнав.



Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, “Цагдаагийн хурандаа” Э.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “Юуны өмнө Монголын цагдаагийн байгууллагад тууштай, шударга ажиллах төлөвшил хүмүүжил олгосон аав ээждээ, үе үеийн удирдлагууд, хамт олон, найз нөхөддөө баярлаж талархсанаа илэрхийлье. Миний хувьд цагдаагийн байгууллагад 21 дэх жилдээ ажиллаж байна. 1995 онд Цагдаагийн сургуульд элсэн орж, 1999 онд төгсөөд Дундговь аймгийн цагдаагийн хэлтсээс ажил, амьдралын гараагаа эхэлсэн. Одоогоос 20 жилийн өмнө миний аав Д.Энхбаатар Хилийн цэргийн хурандаа цол хүртэж байсан бол өнөөдөр аавынхаа эрхэм цолыг авч байгаадаа баяртай байна. Мөн ээжийн маань аав Лхамсүрэн өвөө минь Армийн хурандаа хүн байсан. Ингээд гурав дахь үеийн Цагдаагийн хурандаа болсондоо бахархаж, өвөг эцэг, аавдаа талархаж байна. Тэднийхээ ажил үйлсийг үргэлжлүүлж, ард иргэдийнхээ аюулгүй байдал, амар тайван амьдралын манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэх болно. Монгол Цагдаагийн яруу алдар бадартугай" гэв.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Связанные новости