Ялалт авчирсан баатруудаа дурсан санаж хүндэтгэл үзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр Хүн төрөлхтнийг дэлхийн хамгийн урт, хамгийн аюулт дайнаас чөлөөлж Агуу их ялалт байгуулсан "Эх орны их дайны ялалт"-ын 73 жилийн ойг уламжлал ёсоор Монголын ард түмэн ёслон тэмдэглэж байна. Ялалтын түүхт ойн энэ өдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа ОХУ, Белорусь, Казахстан Улсын ЭСЯ, БХЯ, ГХЯ-ны удирдлагууд болон дайнд оролцогсдын үр хүүхэд, ах, дүүс Монгол улс дахь Оросын цэцэрлэг, ЕБС-ийн сурагчид, Их, дээд сургуулийн оюутнуудын төлөөлөл Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, Эх орны дайны ялалтын гарамгай удирдагчдын нэг, ЗХУ-ын маршал, дөрвөн удаагийн баатар, Монгол Улсын баатар Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Дэлхийн хоёрдугаар дайны эхний өдрөөс ялалт байгуулах өдрийг хүртэл Монголын ард түмэн их дайны гол талбарт тулалдаж 20 сая илүү хүнээ алдсан ЗХУ-тай ямагт хамт байж, сэтгэл санаа, эд материалаар үргэлж дэмжин тусалж байсан ахан дүүс билээ. Тиймээс Агуу их ялалтын баярыг ч хуваалцсаар ирсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн голомт болох Халх голын дайны ялалтыг ч хамтдаа авчирсан түүхтэй.
Дэлхийн хоёрдугаар дайны эхний өдрөөс ялалт байгуулах өдрийг хүртэл Монголын ард түмэн их дайны гол талбарт тулалдаж 20 сая илүү хүнээ алдсан ЗХУ-тай ямагт хамт байж, сэтгэл санаа, эд материалаар үргэлж дэмжин тусалж байсан ахан дүүс билээ. Тиймээс Агуу их ялалтын баярыг ч хуваалцсаар ирсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн голомт болох Халх голын дайны ялалтыг ч хамтдаа авчирсан түүхтэй.

Монголын БХЯ, Орос, Белорусь, Казахстан улсын ЭСЯ-д хүндэтгэлийн цэцэг өргөхөд улс улсын төрийн дуулал эгшиглэв. Мөн эх орны дайнд оролцон ялалт авчралцсан дайчдын үр хүүхдүүд эцэг эхийнхээ хөргийг барин, гал улаан сарнайгаар хөшөөг чимж, мэхийн ёсоллоо.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд монголд суурьшсан орос иргэд, монголд төрсөн монголын харьяалалтай орос үндэстний үр хүүхэд олноор ирсэн нь хөл хөдөлгөөн нэмж, баярын уур амьсгалыг халуун дулаан болголоо. Орос цэцэрлэг, сургуулийн бяцхан багачууд цэрэг хувцас өмсөн, дайны сэдэвт орос дуу дуулж, бүжин ирсэн зочдыг баясгав. Дайнд оролцсон орос дайчдын үр хүүхдүүд эцэг, эх, ах эгчийнхээ хөргийг барин ирсэн нь түүхийн амьд гэрч болохоор.
Зарим иргэдтэй уулзаж сэтгэгдлийг нь сонсов. Берлин хүртэл байлдаж ялалт авчирсан Леонид Михайлович Емельяновын охин Нина "Манай аав 1923 онд Монгол Улсад төрсөн. Монголд аав ээжтэйгээ суурьшин амьдарч байхад 1941 онд эх орны дайн эхлэхэд дөнгөж 18 настай аав минь шууд фронт руу явж дайнд оролцсон. 1945 оны 5 дугаар сарын 9-ны өдөр Германы Берлин хот хүртэл байлдаж ялалт авчралцсан. Энгэртээ Зөвлөлт төрийн дээд одон "Красной Звезды", "Отечественной Войны степени" зэрэг одон медаль зүүж эргэн ирсэн. Төрсөн эх орон Монголдоо эргэн ирж Улаанбаатар хотын хуучнаар Окьябрийн районд амьдарч байлаа. Улсын тээврийн 5 дугаар баазад жолоочоор ажиллан тэтгэвэртээ гарч 2009 он хүртэл монголд үр хүүхэд бидэнтэйгээ хамт амьдарсаар бурхны оронд одсон. Аав минь орос цустай, монгол сэтгэлтэй жинхэнэ орос монголын алтан гагнаас болсон хүн байлаа" хэмээн дурсав.

Е.Нина монголд төрж, Анагаахын дээд сургууль төгсөн эмчээр ажиллаж байгаад мөн гавьяаны амралтаа эдэлж яваа аж. Жил бүрийн ялалтын баяраар аавынхаа хөрөг зургийг бариад Жуков жанжны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Мөн хөшөөний дэргэд ахынхаа хөргийг барьсан казах эртэй уулзав.

Түүний ах Хамза Зайсанов Райсхан улы Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн. 1931-1933 онд ЗХУ-ын Оренбургийн зуны сургууль болон Тамбовын цэргийн сургууль төгсч Монголын нисэх хүчинд алба хааж байжээ. Эх орны их дайнд эхний өдрөөс эцсийн ялалт хүртэл байлдсан гавьяатай. Баатарлаг гавьяа байгуулсныхаа дараа ч 1948-1951 онд Москвагийн цэргийн дээд сургуульд суралцсан байна. 1939 оноос эхлэн Монголын зэвсэгт хүчинд тасралтгүй алба хааж, дайн тулаан бүхэнд гавьяа байгуулан 1947-1948 оны Монголын баруун хязгаарын тулгаралтад гарамгай гавьяа байгуулж "Зайсанов баатар" гэж нэрлэгдэж байв. Түүнд Монголын ардын армийг бэхжүүлэх, монгол, орос улсын тусгаар тогтнол, найрамдлыг бататгахад байгуулсан гавьяаг үнэлж Хурандаа генерал цолоор ч шагнаж байсан гэж түүний дүү бахархан ярив. Ялалтын баярын энэ өдөр ийнхүү ялалт авчирсан баатруудын үр сад, ах дүүс монгол зөвлөлтийн дайчдын хөшөөнд гүн хүндэтгэл үзүүллээ. Агуу ялалт авчирсан их дайны түүхээс товчхон өгүүлэхэд, одоогоос 73 жилийн тэртээх 1945 оны 5 дугаар сарын 9-ний энэ өдөр Дэлхийн дайныг өдөөгч Гитлерийн Герман Берлин хотод үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар энэ өдрийг албан ёсоор Зөвлөлтийн ард түмний ялалтын баяр болгон тэмдэглэх болсон юм. Энэ өдөр бол ганц зөвлөлт ч гэлтгүй Дэлхийн хоёрдугаар дайнд зовж, зүдэрсэн бүхий л ард түмний ялалтын баяр билээ. Энэхүү дайнд нийт 61 улс орон, дэлхийн хүн амын 80 хувь шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 240 сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байв. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар нэг триллион америк доллар болсон нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог.
Ж.Батсайхан