Д.Цогтбаатар сайд БНСУ-ын Элчин сайд У Суныг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-05-04 17:35:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Суныг эх орондоо бүр мөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайд У Сун манай улсад ажиллах хугацаандаа хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн солилцоог дэмжихэд чухал хувь нэмэр оруулсныг Сайд Д.Цогтбаатар тэмдэглээд, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
 
Элчин сайд У Сун Монгол Улсад ажиллах хугацаанд Гадаад харилцааны яамны удирдлага болон холбогдох газруудын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархал илэрхийлэв.
Связанные новости