"Бяцхан зорчигч" аян эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-01 17:54:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЗЦА-аас "Бяцхан зорчигч" аяныг 5 дугаар сарын 01-ний өдрөөс нэг сарын хугацаатай эхлүүлж байгаагаа зарлав. Учир нь 2017 онд зам тээврийн ослын улмаас нийт 55 хүүхэд амь насаа алдаж, 1058 хүүхэд гэмтсэн бол 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн осол 150 үйлдэгдэж, ослын улмаас 3 хүүхэд амь насаа алдаж, 139 хүүхэд гэмтжээ.
Насны байдлаар нь авч үзвэл 0-14 насныхан нийт өртөгсдийн 84 хувийг эзэлж буй нь бид энэхүү аяныг зохион байгуулах гол шаардлага болсон гэлээ. 
Тиймээс та бид хамтдаа сэргийлж чадвал хүүхдийн ослыг тодорхой хувиар бууруулах боломжтой. Хүүхэд зам тээврийн осолд өртөж буй гол шалтгаан нь, Аюултай эцэг эх, асран хамаалагч, аюултай сургуулийн орчин, аюултай зам, аюултай тээвэрлэлт, аюултай гудамж зэрэг юм. Ялангуяа урин дулаан цаг эхэлж байгаатай холбоотой нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл хотыг чиглэх хөдөлгөөний эрчим нэмэгдэхийн зэрэгцээ бага насны хүүхдийг автомашинд буруу тээвэрлэх /машины цонхоор толгой, биеийг гаргах, өвөр дээрээ болон жолоочийн хүрдний ард суулгах гэх мэт/, хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах гэх зэргээс шалтгаалан хүүхэд өртсөн осол, хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг.
"Бяцхан зорчигч" аяныг Монгол улсад Гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн алба, НҮБ-ын Хүүхдийн сан болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциаци ТББ, Монголын хүүхэлдэйн театр, нийгмийн хариуцлагаа ухамсарласан "Porshe" Улаанбаатар төв, "Toyota" ХХК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд Замын цагдаагийн албанаас олон төрлийн ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Тухайлбал, 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Бяцхан зорчигч” өдөрлөг зохион байгуулах, “Сургуулийн бүс-Техникийн ерөнхий шаардлага” стандартын дагуу эрсдэлтэй сургуулийг тохижуулах, эцэг эх, хүүхэд багачуудад сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах юм байна. Энэ үйл ажиллагаанд иргэд, замын хөдөлгөөнд оролцогч та бүхнийг идэвхтэй оролцохыг ЗЦА-аас уриаллаа.

Ж.Батсайхан
Связанные новости