Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачлагын төлөөлөгчид АТГ-т ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-01 11:27:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR)-ын төлөөлөгчид тус газарт ажиллаж сургалт зохион байгуулж байна.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд StAR байгууллагын зөвлөх Шервин Мажлеси, Дмитро Котляр, Бентон Жонаттан нар багтжээ. Тэд 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 3-ны өдөр хүртэл ажиллахдаа АТГ, УПЕГ, ТЕГ, ЦЕГ, Монгол банкны Санхүүгийн мэдээллийн алба зэрэг байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан олон улсын болон үндэсний хэмжээнд хөрөнгө буцаах үе шатуудыг бүхэлд нь зохицуулсан гарын авлага боловсруулах асуудлаар сургалт хэлэлцүүлэг хийх юм.
Мөн олон улсын шинжээч Дмитро Котляр АТГ-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж хөрөнгө, орлогын мэдүүлгийн системд өнгөрсөн хугацаанд хийсэн хөгжүүлэлт, цаашдын төлөвлөгөө, чиглэлийн талаар санал солилцох бол Бентон Жонаттан АТГ-ын мөрдөгчидтэй дугуй ширээний уулзалт хийж гадаад улс руу эрх зүйн харилцан туслалцааны хүсэлт явуулахад тулгарч буй бэрхшээлүүдийн талаар мэдээдэл өгнө.
АТГ-ын тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж болон тус газрын хэлтсийн дарга нар StAR байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж хоёр байгууллагын хооронд ирэх 12-18 сарын хугацаанд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөг ч ярилцах юм байна. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар нь Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга (StAR)-тай 2013 оноос хамтран ажиллаж байгаа гэж АТГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан
Связанные новости