Цагдаагийн удирдлагууд генералууддаа хүндэтгэл үзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Цагдаагийн байгууллагаас анх Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга, хурандаа Ц.Нансалжавт БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1961 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор хошууч генерал цол олгосон байна. Түүнээс хойш цагдаагийн албанаас 1965 онд хошууч генерал Р.Гүнсэн, 1971 онд хошууч генерал С.Бүдрагчаа, 1978 онд хурандаа генерал Ж.Авхиа, 1978 онд хошууч генерал А.Думбурай, 1979 онд хошууч генерал О.Отгонжаргал, 1981 онд хошууч генерал С.Дамдинсүрэн, 1990 онд хошууч генерал Б.Пүрэв, 1996 онд хошууч генерал Ч.Амарболд, 2002 онд хошууч генерал Д.Сандаг-Очир, 2007 онд хошууч генерал М.Ганболд, 2010 онд бригадын генерал А.Дулаанжаргал, Т.Хүрэлбаатар, 2013 онд бригадын генерал Б.Билэгт нарын 12 хүн энэ эрхэм цолыг хүртээд байна. ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал тэргүүтэй удирдлагууд "Генералын өдөр"-өөр өөрийн салбарын генералуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Ж.Батсайхан