Монгол Улс 181 генерал цолтонтой, 93 нь амьд сэрүүн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-27 16:05:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 1944 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр  БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 52 дугаар тогтоолоор анх удаа  цэргийн дээд "Генерал" цолыг бий болгож, 11 хүнд олгосон байна. Түүнээс хойших 74 жилд Монгол Улсын цэргийн эгнээнээс 181 генерал цолтон төржээ. 
Цэргийн хамгийн дээд цол болох Маршал 3 байгаа бол генералын дээд болох Армийн генерал 2, Хурандаа генерал 8, Дэслэгч генерал 18, Хошууч генерал 107, Бригадын генерал 28 байна. Хамгийн өндөр настай нь 99 нас хүрч буй хошууч генерал Т.Алтангэрэл гуай байгаа бол залуу нь 38 настай бригадын генерал Л.Онцгойбаяр юм. Сонирхуулахад, хамгийн залуудаа генерал цол хүртсэн нь  28 настайдаа дэслэгч генерал болсон Ю.Цэдэнбал байжээ. Генералын хүү генерал болсон ганцхан л тохиолдол байгаа нь, хурандаа генерал Б.Цог, түүний хүү хошууч генерал Ц.Геннадий юм байна. УИХ, Засгийн газрын гишүүн, сайд. дэд сайдын өндөр албан тушаал хашиж байсан 14 генерал бий.  Монгол улсын хэмжээнд нийт 181 генерал цолтон төрөн гарснаас 93 генерал өдгөө амьд сэрүүн, энх тунх байна. Эдгээр 93 генералаас 57 нь гавьяаныхаа амралтанд байгаа, өнөөдрийн байдлаар 36 генерал нь Төрийн алба хашиж, ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэл, хууль сахиулах салбарт өөрсдийн арвин туршлага, мэдлэг оюунаа зориулан улс, эх орныхоо хөгжил, дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүтгэж явна.  Монгол Улсын генералуудаас Монгол Улсын Баатар - 6, гавьяат цолтон - 9, эрдмийн зэрэг цолтон - 38 төрөн гарсан бөгөөд энхийг дэмжих болон олон улсын ажиллагаанд 8 хүн оролцжээ. Хамгийн өндөр настай нь 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон хошууч генерал Т.Алтангэрэл өдгөө 100 насыг насалж байна. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр хошууч генерал Т.Алтангэрэлд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулав Хамгийн олон буюу 18 генералтай Завхан аймаг тэргүүлдэг бол генералынхаа тоогоор Говь-Алтай аймаг удаалж явна. Мөн сүүлийн мэдээгээр генерал цолоо хураалгасан 4 хүн байгааг хэвлэл мэдээлэлд дурдаж байна.
Ж.Батсайхан
Связанные новости