Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга генералуудыг хүлээн авч баяр хүргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-27 14:44:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр "Монголын генералуудын өдөр"-ийг угтаж  Төрийн есөн хөлт, цагаан тугт танхимд генералуудыг хүлээн авч уулзан, тэдэнд хандан үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга “Эрхэм генералуудын амрыг эрье. Өнөөдөр уламжлал ёсоор Монголын генералуудын өдөр болж байна. Та бүхэнд баярын мэнд хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Анхны 11 генерал цол олгож байсан 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш 74 жил өнгөрчээ. Монгол Улсад Батлан хамгаалах салбар, Хил хамгаалах, Онцгой байдал, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад генерал цол олгодог хуультай. Эдгээр салбарын албан хаагчдын үйл ажиллагааг удирдаж, иргэдийнхээ амгалан тайван аж төрөх нөхцлийг бүрдүүлэхэд мэдлэг оюун, бие сэтгэлээ зориулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж энэ цолыг олгодог юм. Генерал цол бол нэр төр, хүндлэл, эрхэм чанарын илэрхийлэл. Тиймээс цол авсан хүн цолондоо тэнцэж,  дааж, амьдрах үлгэр жишээ үзүүлэх ёстой. Эс бөгөөс төрийн хуулийн дагуу цолыг хураах ч заалттай гэдгийг бас санаж явах учиртай. Та бүхэнд дахин баярын мэнд дэвшүүлж, урт насалж удаан жаргаарай гэж ерөөе. Мөнх тэнгэр Монголын генералуудыг ивээг. Баярлалаа” гэв. 
Ж.Батсайхан
Связанные новости