ЗЦА 8 уулзварт цагдаагийн биет зохицуулалт хийхгүй болсноо зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-25 13:28:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх  хэлтсийн дарга, хурандаа  Э.Бөхбат өнөөдөр Хөдөлгөөн зохицуулах ажилд өөрчлөлт оруулсан талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Иргэд, хөдөлгөөнд оролцогчдын сэтгэл  зүйн хандлагыг өөрчлөх, цагдаа хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын тулд хяналт шалгалтаа  эрчимжүүлж, шаардлагагүй уулзварт биет зохицуулалт хийхгүй болохыг мэдэгдэж байна. Дэлхийн ямар ч улс оронд  шаардлагагүй тохиолдолд цагдаа нар биет зохицуулалт хийдэггүй. Цагдаагийн байгууллага нь дараах 4 тохиолдолд л биет зохицуулалт хийх эрхтэй байдаг юм байна. Үүнд, нэгд төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд заасан хамгаалалт зохицуулалтын үед, хоёрт, замын хөдөлгөөнд оролцогчдод аюултай нөхцөл байдал үүссэн үед, гуравт, томоохон баяр наадам, тэмцээн уралдаан, жагсаал, цуглаан, нийтийг хамарсан арга хэмжээний үед, дөрөвт, зам тээврийн осол гарсан тохиолдолд замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн зорчих нөхцлийг бүрдүүлэх  үед л биет зохицуулалт хийнэ. Иймээс өнөөдрөөс буюу энэ сарын 25-ны өдрөөс хойш Баянгол дүүргийн нутаг дэвсгэр "Өргөө" кино театр, Ахуй үйлчилгээний төв, Гэмтлийн эмнэлгийн баруун урд болон 25 дугаар эмийн сангийн уулзвар, 100 айл, Замын цагдаагийн баруун урд уулзвар, Урбанек төв зэрэг 8 уулзварт цагдаагийн албан хаагчид биет зохицуулалт хийхгүй, зөвхөн хяналт тавьж ажиллана” гэлээ. Жолооч болон явган зорчигч нарыг энэ хэвшилд дасч, өдөр бүр хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчихыг ЗЦА-аас зөвлөж байна.
Ж.Батсайхан
Связанные новости