Гаалийн байцаагч нарт оноосон ялыг хэвээр үлдээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-23 13:19:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг өнөөдөр танилцууллаа. 
 
Тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг, "Манай шүүх нийт 461 эрүүгийн хэрэг хүлээж авснаас 64 хэргийг прокурорт шилжүүлсэн. Үлдсэн хэргийг нь эцэслэн шийдвэрлээд байна. Тухайлбал, өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-наас энэ оны 4 дүгээр сарын 20-ны хооронд хүний амь хөнөөсөн 25, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан 18, бусдын эд хөрөнгийг хулгайлсан 35, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 12 хэргийн материал хүлээж авсан. Мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих 39, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 175 гэмт хэрэг, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах гэмт хэрэг 3, хүчирхийлэх гэмт хэрэг 13 тохиолдол бүртгэгдсэн. Хүчиндэх гэмт хэргийн 7 нь  14 хүртэлх насны хохирогч байв. 
 
Мөн тус шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Энхбаяр олны анхаарлыг татсан томоохон хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, гаалийн 36 байцаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдаас хээл, хахууль авсан гэх хэрэг өнгөрсөн онд гарсан. Уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, гаалийн байцаагч нарт 1-6 жилийн хорих ял оноожээ. Улмаар гаалийн байцаагч нар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хандсан ч өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн. Одоогоор сэжигтнүүд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн ажлын албанд гомдол гаргаад байна хэмээв.
Мөн тэрбээр, "Өнгөрсөн онд Баянхошуунд гарсан авто ослын улмаас суудлын автомашин дээр 40 тоннын чингэлэг унаж, олон хүн гэмтсэн хэрэг гарсан. Шүүхээс 40 тоннын чингэлэгийг ачиж явсан "шаланз" маркийн машины жолооч Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасах, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах шийтгэл ногдуулсан. Улмаар суудлын тэргэнд зорчиж явсан 3 иргэний эмчилгээний төлбөр, автомашины засвар зэрэг 19 сая төгрөгийг шүүгдэгчээр төлүүлсэн. Гэмтсэн хүмүүс цаашид гарах эмчилгээний зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй" гэлээ.

Ч.Ариунболд

Связанные новости