Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 30.5 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-23 12:42:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
 
ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж , “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 22 мянга 463 дуудлага, мэдээлэл ирсэн нь өмнөх 14 хоногоос 106 нэгжээр буурсан байна. Нийслэлийн төвийн дүүргүүдэд гэмт хэргийн шинжтэй үйлдлийн тоо 42 нэгжээр буурчээ. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Явган эргүүлийн баг” болзолт уралдааныг нэг сарын хугацаатай зохион байгуулан ажиллаж байна. Мөн Чингэлтэй дүүргийн хороодын гудамж, байрны нийтийн эргүүлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Миний гудамж-Гэмт хэрэг зөрчилгүй гудамж” аяныг өнгөрсөн сарын 15-ны өдрөөс гурван сарын хугацаатай зохион байгуулж байна” гэлээ.

Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2503 дуудлага мэдээлэл хүлээн авч 878 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн байна. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол өмнөх 14 хоногоос 30.5 хувиар буурчээ. Замын цагдаагийн албанаас Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран “Шөнийн хяналт” нэгдсэн арга хэмжээг нэг сарын хугацаатай зохион явуул,ж давхардсан тоогоор 672 алба хаагч ажиллан 6 гэмт хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 850 зөрчлийг илрүүлсэн гэдгийг Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.
 
НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Н.Нямсүрэн “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 102 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 91, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 11 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос 115 иргэнийг авран хамгаалсан. Нийслэлийн Засаг даргын энэ оны 04 дүгээр сарын 20-ны А/348 дугаар захирамжаар нийслэлийн малтай иргэдийн мал амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг эхлүүлээд байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид Галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хийх хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтад нийт 34  аж ахуйн нэгжийн барилга байгууламжийг хамруулж, 232 зөрчил илрүүлэн газар дээр нь 84 зөрчил буюу 36.2 хувийг арилгуулсан. Бусад 148 зөрчлийг арилгах талаар улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл зэрэг албан бичгийг  холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна” гэв
 
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлэх, сонгон шалгаруулалт зарлаагүй ажлуудыг бүрэн зарлаж дуусгах хэрэгтэй байна” гэлээ. Мөн нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн явцыг нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/278 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид Галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах, Малын зах, мах боловсруулах үйлдвэрийн асуудлуудыг шуурхай шийдвэрлэх ажлыг зохион байгуулах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Ч.Ариунболд
Связанные новости