Эдуард Сүрэнгийн нэхэмжлэлээр Ш.Батхүүг шүүх хуралд оролцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-18 13:21:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн  Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Алтжин" группийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгийн нэхэмжлэлтэй Төрийн банкинд холбогдох хэргийн шүүх хуралд Ш.Батхүү оролцсон нь олны анхаарлыг татаж байна.
Шүүх хурал 14.00 цагт эхэлж оройн 19.40 цагт өндөрлөсөн. "Жаст" группийн захирал асан Ш.Батхүүг баривчлаад нэг сар 6 хонож байна. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийг барьж хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Стандарт” банкнаас 109 сая ам долларын зээл авсан хэрэгт буруутгагдан шалгаж байхдаа ийнхүү Төрийн банкинд холбогдох шүүх хуралд оролцож, мэдүүлэг өглөө.
Тухайн үед Ш.Батхүүгийн эзэмшиж байсан “Хадгаламж” банк "Жаст" группийн үүсгэсэн өр зээлийн улмаас дампуурч, тус банкийг Төрийн банкинд нэгтгэсэн байдаг. 
“Алтжин" группийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгийн нэхэмжлэлтэй Төрийн банкинд холбогдох хэргийн шүүх хуралд Ш.Батхүү оролцож тайлбар өгсөн байна. Шүүх хурлын дараа Ш.Батхүүг Цагдан хорих 461 дүгээр хорих анги руу буцаав. Түүний өмгөөлөгч н.Баатарсайхан сэтгүүлчдэд тайлбар өгөхөөс татгалзсан ч Ш.Батхүү ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан цагаас хойш биеийн байдал нь муудаж, чихрийн шижин өвчин нь хүндэрсэн учраас эмчийн хяналтад байна. Түүний чихрийн шижин өвчин нь хүндэрч хоол идэж чадахгүй байгаа гэв.  Ш.Батхүүгийн   хоёр гар нь боолттой байх нь өвчнийх бололтой. "Жаст"-ын Ш.Батхүү өмнө нь Хадгаламж банкны захирал байхдаа түүгээрээ баталгаа хийн, Э.Сүрэнгээс 3 удаагийн гүйлгээгээр нийт 51.6 тэрбум төгрөгийн зээл авсан. Гэвч 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар "Хадгаламж банк"-ийг албадан татан буулгаж, Актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээгээр Төрийн банкинд шилжүүлсэн. Иймээс Э.Сүрэн Төрийн банкнаас 51.6 тэрбум төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Шүүх ч Төрийн банкийг Э.Сүрэнд 51.6 тэрбум төгрөг төлөх ёстой гэсэн шийдвэр гаргахдаа дээрх хөрөнгө шилжүүлэх гэрээг үндэслэл болгосон. Гэвч Төрийн банк дээрх төгрөгийг төлөөгүй. Харин Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Төрийн банкнаас Э.Сүрэнгийн эсрэг гаргасан хүсэлтийг хэлэлцээд "Хүлээн авах боломжгүй" гэж үзжээ. Шүүхийн захирамж албан ёсоор долоо хоногийн дараа албажих юм байна.


Ж.Батсайхан

Связанные новости