"Оюутан цэрэг" сургалтын хөтөлбөрт 1000 оюутан хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2018-03-31 15:46:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл болон 13 аймгийн их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 1000 оюутан хамруулж буй "Оюутан цэрэг" сургалтын нээлтээ хийж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон БСШУСЯ-ын сайд Цогзолмаа болон Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд оролцжээ.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нээлтийн үеэр "Сургалтад хамрагдсан оюутан суралцагчдын сахилга, хүмүүжил дээшилж, хувийн зохион байгуулалттай, найз нөхдөө манлайлсан сайн хүн болж төлөвшиж байна. Мөн оюутан цэрэг сургалтад хамрагдсанаар их дээд сургуулиа төгссөний дараагаар төрийн албанд ажиллах боломж нээгддэг" хэмээн онцолсон юм. Оюутан цэрэг сургалт 2014 оноос эхлэн амжилттай хэрэгжиж, нийт 300 орчим оюутан энэхүү сургалтад хамрагдаад байгаа юм.



Өнгөрсөн жил буюу 2017 оны Оюутан цэрэг сургалтад амжилттай хамрагдсан АШУИС-ийн оюутан, мэс засалчдын клубийн тэргүүн Н.Шаравжамц “Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсанаар олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн алхаж, жаргал зовлонгоо хуваалцаж, огт үзээгүй зэвсэг агсаж, оройн тоондоо жавхаатай жагсаж, 60 хоног амжилттай албаа хааж дуусгасандаа баяртай байна. Эх орны сайн цэргүүд болоорой гэж хүсье. Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадраг” хэмээсэн юм.

Сургалт хамрагдсан оюутнууд дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс оюутнууд онолын хичээлдээ хамрагдах аж. Нэг жилийн цэргийн бэлтгэлийг оюутнууд 60 хоногийн хугацаанд хаах юм байна.
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Связанные новости