Боловсролын салбарын тогтвортой хөгжих үндсийг тодорхойлохоор судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2018-03-31 11:03:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжаар байгуулагдсан боловсрол болоод хүмүүжил, боловсролын гүн ухааныг судлах Ажлын хэсэг Монголын боловсролын цаашид тогтвортой хөгжих үндсийг тодорхойлохоор судалгаа явуулж эхэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 26 тоот захирамж гаргаж, “Монголын язгуур суртахуун, уламжлалт соёл, бусад орнуудын боловсролын гүн ухаан, үзэл баримтлалыг харьцуулан судлах, Монгол Улсын боловсролын гүн ухаан, үзэл баримтлалыг тодруулан оновчлох, асуудлын хүрээнд хэлэлцүүлэг, судалгааны ажлыг зохион байгуулан гүйцэтгэж, төрөөс хэрэгжүүлбэл зохих бодлогыг боловсруулан танилцуулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг нь боловсролын бодлогын хөгжил, хэрэгжилт, тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны аргазүйн дагуу ард иргэдийн оролцоотойгоор судалж байгаа. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд боловсролын бодлогын хувьсгал хөгжил, хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг бусад орныхтой харьцуулан үзжээ.

Өнөөдрийн байдлаар Монголын боловсрол цаашид тогтвортой хөгжих үндсийг тодруулан тодорхойлохоор судалж байгаа бөгөөд цаашид гүнзгийрүүлэн судалж, олон нийтийн санаа бодлыг тусгах шаардлагатай тул сонирхлын бүлгүүдийн оролцоог хангасан уулзалт, ярилцлага зохион байгуулж байгаа аж.

Цуврал хэлэлцүүлгийн эхлэл болгож Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Боловсрол ба хүмүүжил” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан юм. Иргэний танхимд болсон уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны удирдлагууд, Боловсролын хүрээлэн, багш бэлтгэдэг төрийн ба төрийн бус их дээд сургууль, боловсролын чиглэлээр ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын болон иргэдийн төлөөллүүд оролцлоо.

ЕТГ-ын дарга З.Энхболд хэлэлцүүлгийн үеэр "Үе үеийн Засгийн газрууд боловсролын салбарт боломжийн хэрээр их мөнгө төсөвлөж, зарцуулж ирсэн ч бодитой ахиц дэвшил, эерэг өөрчлөлтөд төдийлөн хүрэхгүй байгаа. Манай төсвийн нэг их наядаас дээш төгрөгийн төсөв авдаг цорын ганц салбар нь боловсролын салбар. Татвараар 6-7 их наяд төгрөгийн орлого олоод түүнийхээ нэг их наяд гаруй төгрөгийг боловсролын салбарт зарцуулдаг. Гэвч, үр дүн нь сайн биш байгаа. Шалтгаан нь зөвхөн мөнгөндөө бус боловсролын удирдлага, зохион байгуулалт нь улс төрийн сонгуулийн үр дүнгээс хамааралтайгаар өөрчлөгдөж, удаан хугацаанд тогтвортой явах боломжгүй байгаа гэж харж байна. Харамсалтай нь өнөөгийн Монголын нийгэм, ёс суртахууны уруудал доройтолд орсныг гэрчлэх олон жишээ бий. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үүссэн нөхцөл байдлыг нийгмийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл гэж үзээд, олон нийтийн оролцоотой өргөн хүрээний уулзалт, хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулж, нийгмийг хамарсан ёс суртахууны хандлага төлөвшил, соён гэгээрлийн давалгаа бий болгох нь энэ асуудлыг шийдвэрлэх арга зам гэж харж байгаа. Хүүхдийн хүмүүжил, нийгмийн ёс суртахуун бол хэн нэгэн рүү түлхэх асуудал биш, хүн бүрийн үүрэг хариуцлага, үйлдэл, үлгэр дуурайл юм. Өнөөдөр Монголд ёс суртахуунтай, эх оронч хүмүүжилтэй иргэд, зөв үлгэр дуурайл юу юунаас чухал болоод байна. Үүний төлөө нийгмээ оношлох, бодлого тодорхойлох, зөв шийдэл гаргах, эмчилж эрүүлжүүлэх цаг нь болжээ” гэсэн юм.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Связанные новости