Засгийн газрын тэргүүнийг сонгох санал хураалтын тов гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-03-05 10:58:11
БЕРЛИН. (ТАСС). Германы Бундестагт /парламент/ гуравдугаар сарын 14-нд Ангела Меркелийг тус улсын канцлерын албан тушаалд сонгох асуудлаар санал хураалт явуулна гэж Христосын ардчилсан холбоо нам болон Христосын нийгмийн холбоо намын эвслийн парламентын бүлгийн дарга Фолькер Каудер телевизийн ARD сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
 
“Энэ асуудлыг Социал демократ намын парламентын бүлгийн дарга Андреа Налестай тохиролцсон” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.
 
Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер гуравдугаар сарын 5-ны даваа гарагт канцлерын албан тушаалд Ангела Меркелийн нэрийг парламентад санал болгох аж. Тэрээр энэ тухай өөртэй нь утсаар ярьсан гэнэ.
 
Бундестагт санал хураалтыг нууцаар явуулах ба парламентын 709 суудлаас Христосын ардчилсан холбоо нам ба Христосын нийгмийн холбоо намын эвсэл болон Социал демократ нам нийлээд 399 төлөөлөгчтэй тул А.Меркель дахин сонгогдоход ямар нэгэн хүндрэл үүсэхгүй байх төлөвэй байна.
 
Лу.Батбаяр

Связанные новости