Хуурамч мөнгөн тэмдэгтээр худалдан авалт хийсэн хоёр иргэнийг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-01 15:20:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах найман нэрийн хүнсний дэлгүүрээс хуурамч мөнгөөр худалдан авалт хийсэн хоёр иргэнийг илрүүлэн саатуулсан талаар ЦЕГ-аас мэдээлэв.

Тус дэлгүүрээс Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 49 настай эрэгтэй Э, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 45 настай эрэгтэй Ц нар  хуурамч 10 мянган төгрөгийн дэвсгэртээр гүйлгээ хийж хүнсний бүтээгдэхүүн худалдаж авсан байна. Уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм.

Иймд  хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийг авахдаа заавал шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн дагуу хариуцлага хүлээнэ. Тус зүйлд үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Мөн үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн бол хоёр жилээс найман жил, энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.
Ч.Ариунболд
Связанные новости