Мүн Жэ Ин Умард Солонгосын төлөөлөгчдийг Хөх ордонд хүлээн авч уулзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-02-10 12:40:12
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин "Пёнчан-2018" өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцохоор ирсэн Умард Солонгосын өндөр дээд албан тушаалын дөрвөн төлөөлөгчийг өнөөдөр Хөх ордон хүлээн авч уулзлаа гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Умард Солонгосын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, тус улсын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ёо Жон болон өөр нөлөө бүхий хоёр төлөөлөгчийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хүлээн авч уулзсан байна. Энэ нь сүүлийн 8.6 жилийн хугацаанд Умард Солонгосын өндөр дээд албан тушаалтнууд Өмнөд Солонгосын ерөнхиийлөгчийн ордонд зочилсон анхны тохиолдол гэнэ. Хаалттай болсон энэ уулзалтад Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх сайд, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болон ерөнхийлөгчийн ахлах зөвлөх оролцжээ. Уг уулзалтын дараа хоёр талын төлөөлөгчид хамтдаа үдийн зоог барихаар явсан байна.

Умард Солонгосын төлөөлөгчид маргааш нутаг буцна.

Г.Доржханд
Связанные новости