Хорооны Засаг дарга нар цэргийн эрдэмд суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-07 12:05:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХЯ-ны хурлын танхимд өнөөдөр нийслэлийн хороодын Засаг дарга нарын цэргийн  бэлтгэл сургалт болж байна. Сургалтын нээлтэд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, нийслэлийн 9 дүүрэг, 152 хорооны Засаг дарга нар оролцов. НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр "Нийслэлийн болон Засгийн газрын бодлого үйл ажиллагааг иргэдэд хамгийн ойр хүргэдэг “Төр–Иргэнийг холбох гүүр” нь болсон хорооны Засаг дарга та бүхнийхээ ажлыг хотын удирдлагууд өндөр үнэлдэг. Учир нь Улаанбаатар хот Монгол Улсын цохилох зүрх нь төдийгүй хөгжлийн гол зүтгүүр, эдийн засаг, нийгмийн зангилаа юм. Тиймээс сая гаруй иргэнд хүрч, тэднийхээ үгийг сонсож, төрийн бодлогод тусгаж, хийсэн ажлаараа үйл ажиллагаагаа харуулж, дүгнүүлэх нь бидний эрхэм зорилго. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс иргэдийн оролцоог илүү хангах, хороо, хэсгийн ахлагч нараа дэмжих бодлогыг барьж байна. Энэ бодлогын хүрээнд 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж, та бүхнийхээ дэмжлэгтэйгээр нийслэлийн хөгжлийн тулгуур болсон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд 24 жилийн дараа шинэчилсэн найруулгыг хийхээр төлөвлөн, зорилт маань ч алхам алхмаар урагшилж, өнөөдөр УИХ-аар хэлэлцэх гэж байна. Энэ сургшалт ч үр дүнтэй болно" гэлээ. Энэ сургалтыг НЗДТГ-ын Цэргийн штаб Батлан хамгаалах яамтай хамтран батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг танилцуулах, салбарын хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, сурталчлахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байна. Сургалт энэ сарын 7, 8, 9-ний өдрүүдэд болно.

Ж.Батсайхан

Связанные новости