Олон нийтийн зөвлөл АТГ-ыг шүүмжлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр АТГ-ын удирдлагууд болон УИХ-ын дарга М.Энхболдын хөрөнгө орлогын мэдүүлэг, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудлаар мэдээлэл өглөө.
Олон нийтийн зөвлөлд иргэдээс өргөдөл, гомдол ирдэг ч АТГ шалгадаггүй, тодорхой хариу өгдөггүй. АТГ-ын дарга өөрөө авлигачдыг орогнуулсан, ашиг сонирхлыг зөрчилтэй байна гэж АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан хэллээ. Мөн Олон нийтийн зөвлөлөөс гадна АТГ-ын удирдлагууд Олон нийтийн дэд зөвлөлийг байгуулсан. Энэ зөвлөл нь тусгайлан цалинждаг, тодорхой үүрэг чиглэлтэй юм байна. Гэвч Хууль зүй, дотоод хэргийн сайд 2018 оны 1 дүгээр сарын 8-нд Олон нийтийн дэд зөвлөлийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Энэ талаар АТГ-ын удирдлагууд ямар нэг тайлбар өгөөгүй байгааг ч дурдлаа. 2009 онд Монгол Улсын төр, ард түмний өмч болсон “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Жаст” группийн эзэн Ш.Батхүү гэх бизнесмэнд баталгаа гарган Стандарт банкинд барьцаанд тавьсан. Үүнээс болж Английн Хатан хааны дэргэдэх Арбитрын шүүхээс ирсэн бичигт төлбөр тооцоог “Эрдэнэт” үйлдвэр төлнө гэсэн байна. Хэрэв өмнө нь гарын үсэг зурсан хүмүүсийн асуудлыг хуулийн байгууллага шалгаж, тогтоосон бол өнөөдөр бид ийм өндөр төлбөр төлөхгүй байсан. “Эрдэнэт” үйлдвэрийг Стандарт банкинд барьцаанд тавихыг зөвшөөрч, 2009 онд гарын үсэг зурсан хүмүүс нь хуурамч гарын үсэг гэж, өршөөгдсөн. Хэрэв Стандарт банк гарын үсгийг хуурамч гэж үзсэн бол анхнаасаа барьцаанд авах байсан уу гэх асуулт гарч ирж байгаа юм. Гэтэл барьцаанд тавихыг зөвшөөрсөн гарын үсэг зурсан хүмүүс өнөөдөр төрд ажиллаад, Гадаадад Элчин сайдаар ажиллаж байгаа нь шударга бус зүйл юм. Энэ мэт шалгаж, тогтоох ёстой хэргүүдийг АТГ шалгахгүй, гэмт хэрэгтнүүдийг хаацайлж байна хэмээн мэдэгдлээ.
Ж.Батсайхан