Шүүхийн төсөвт оруулах орлого өсч,хүнд гэмт хэргийн тоо нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол улсын ШЕЗ-өөс өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулав. ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, Гавьяат шүүгч Б.Сарантуяа, Шүүхийн судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг нар 2017 оны шүүн таслах ажиллагааны дүн мэдээллийг өгөв.
Анхан шатны шүүх 2017 онд эрүүгийн 8839 хэрэг, иргэний 45233 хэрэг, захиргааны 1908 хэрэг, нийт 55980 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 12675 зөрчил, зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулжээ. Мөн 1204 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 2765 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Энэ оны нэг содон гэх мэдээ нь гурван аймгийн таван суманд гэмт хэрэг бүртгэгдээгүйг нэрлэвэл Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Дундговь аймгийн Өндөршил, Завхан аймгийн Ургамал, Тэлмэн, Нөмрөг сум байна. Шүүхийн төсөв жил дараалан буурч байсан бол 2017 онд шүүхээс төрийн санд 21,9 тэрбум төгрөгийг орлого оруулснаас улсын тэмдэгтийн хураамжаар 16.8 тэрбум, торгох ялаар 3.2 тэрбум, захиргааны зөрчил буюу зөрчлийн хэрэгт торгох шийтгэлээр 47 сая, хөрөнгө орлого хураах, албадлагын арга хэмжээ, эд хөрөнгө хураах 1.7 тэрбум төгрөгийг төрийн санд оруулав. Харин 2016 онд шүүхээс төрийн санд 15.1 тэрбум төгрөгийн орлого оруулж байжээ. Эрүүгийн хуулийн 2015 оны шинэчилсэн найруулга 2017 оны долдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор 5516 хүнд хууль буцаан хэрэглэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Үүнээс хорих ялыг дүйцүүлэн хассан 3158, хорих ялыг дүйцүүлэн сулласан 872, ялаас чөлөөлсөн 786 , хууль буцаан хэрэглээгүй 535 тохиолдол байна. Харин анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөнийг онцоллоо. Шинэ хуультай холбогдуулж үйлдэл бүрийг нь зүйлчилж, ял оноож байгаа учраас анхан шатны шүүхийн эрүүгийн үзүүлэлт олон хувиар өсжээ. Тодруулбал, залилах, хүний амь хөнөөх, хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна. 2016 онд хүний амь нас хөнөөсөн хэрэг улсын хэмжээнд 152 хэрэг гарч байсан бол 2017 онд 196 болж, 44 хэргээр нэмэгджээ. Залилангийн хэрэг 130-аар, хулгайлах гэмт хэрэгт 261 хэргээр, дээрэмдэх гэмт хэрэг 32 хэргээр, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах хэрэг 11-ээр тус тус өссөн байна. Харин олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсантай холбоотой гэмт хэрэг 162 -оор буурчээ. Монгол Улсын хэмжээнд 2017 онд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 53.4 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо өмнөх оныхоос 415 хүн буюу 80.1 хувиар өсчээ. Гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 42.7 хувь нь 18-29 насныхан байгаа бол 61.9 хувь нь эрхэлсэн ажил, сургуульгүй хүмүүс байна гэлээ.
Ж.Батсайхан