Т.Баярхүү: Хясан боогдуулсны улмаас авлига өгснөө өөрөө илчилсэн бол ялаас чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-26 13:54:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-аас сар бүр  зохион байгуулдаг хэвлэлийн хурлын үеэр тус байгууллагын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын талаар товчхон дурдсан юм. Тэгэхдээ энэ асуудалд сэтгүүлчдийг анхааралтай хандахыг зөвлөсөн.Түүнээс уг шинэчилсэн заалтын талаар тодрууллаа.

- Та сая мэдээлэл өгөхдөө эрүүгийн хуулийн шинэчилсэн заалтыг анхаарахыг онцолсон. Яг ямар заалтыг нь онцлоод байгаагаа тодруулна уу? 
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 22 дугаар бүлгийн 22.5-д “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэсэн заалт орсон. АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа хэргүүд дээр тухайлбал, Мэргэжлийн хяналт, Автотээврийн үндэсний төв, Гаалийн байцаагч нарт холбогдох гэх мэт хэргүүд дээр албан тушаалтнууд өөрийн албаны эрх хэмжээгээ ашиглан иргэн, аж ахуйн нэгжийг хясан боогдуулсан үйлдлүүд тогтоогдож байна. Жишээ нь: Түргэн муудах шинж чанартай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд экспортлож, импортолдог аж ахуйн нэгжүүдэд хясан боогдуулах дарамт ихээр тулгардаг. Олон тонн мах, жимс гэх мэт бараа бүтээгдэхүүн бэлтгэж хилээр оруулж, гаргах гээд зөвшөөрөл хүсдэг. Гэтэл албан тушаалтнууд зөвшөөрлийг нь олгохгүй удаах, элдэв бичиг баримт нэхэх зэргээр зохиомол дараалал, хүнд суртал үүсгэж байна. Тухайн бараа бүтээгдэхүүний чанарыг муутгахгүйн тулд их хэмжээний түрээсийн төлбөр төлж хадгалуулах шаардлага үүсдэг, эсвэл тухайн бараа бүтээгдэхүүнээ муутгаж алдагдал хүлээхээс өөр сонголтгүй болдог. Энэ мэт дунд шатны албан тушаалтнуудын хясан боогдуулсан, хахууль нэхсэн үйлдлүүдийн талаарх мэдээллийг сайн дураараа илчлэн ирвэл 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хойш эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалт бий болсон. Үүнийг л онцолж байна. 

- Төрийн байгуулагад тендер гэгч том чөдөр тушаа байдаг. Үүнийг бас энэ хуульд тусгасан уу?
-Нийт төрийн байгууллагуудын 2018 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө батлагдаж, тендер зарлах, үнэлгээний хороо байгуулах ажлыг хийж эхэлсэн. Хуучин эрүүгийн хуульд заасан албан тушаалаа урвуулах, хэтрүүлэх гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу багаар бодоход 9-10 сая төгрөгийн бодит хохирол учруулж байж гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангадаг байсан. Энэ хуулийн зохицуулалтаар албан тушаалтны хууль зөрчсөн үйлдэл нь тогтоогдсон ч учирсан бодит хохирлыг тооцоход хүндрэлтэй байсан. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулиар албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулж өөртөө болон бусдад давуу байдал олгосон бол хохирол шаардахгүйгээр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангана гэсэн үг. Өөрөөр хэлбэл тендерийн үнэлгээний хороо эсвэл хэн нэгэн албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээд, найз нөхөд, ашиг сонирхол нэгтэй хүмүүст шалгарах ёсгүй тендер олгосон, олгоход шийдвэр гаргахад нь нөлөөлсөн үйлдлүүдийг гэмт хэрэг төгс үйлдэгдсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгах зохицуулалттай болсон. Тиймээс аливаа тендер сонгон шалгаруулалтад орж байгаа иргэн аж ахуйн нэгж, нөгөө талаас захиалагч буюу төрийн байгууллага, албан тушаалтнууд худалдан авалтыг хууль, журмын дагуу зохион байгуулахад анхаарч ажиллана гэж найдаж байна.
- Та хуулийн энэ шинэ өөрчлөлтөөр бичиг цаас хэмнэж, цаг хугацаа хэмнэнэ гэлээ. Үүнийг тодруулахгүй юу?
-Авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт явж байна. Хуульд заасны дагуу мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалтнууд 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд 2017 оны хөрөнгө, орлогоо мэдүүлэх ёстой. Хугацаа ойртох тусам ачаалал ихэсдэг учир хугацаа байгаа дээр мэдүүлгээ гаргаарай гэдгийг мэдэгдье. Авлигатай тэмцэх газар 2016 онд холбогдох эрх зүйн акт болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн программд шинэчлэлт хийсэн. Үүний үр дүнд нэг төрийн албан хаагчаас хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг буюу 760 мянга орчим хуудас цаас авч, гарын үсэг зуруулан хадгалдаг байсныг өөрчилж, өнгөрсөн оноос эхлэн баталгааны маягт ашиглаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл цахим системд төдний өдөр мэдүүлсэн миний хөрөнгө орлогын мэдүүлэг үнэн зөв гэдгээ баталгаажуулж 1 ширхэг хуудас цаас ашиглана. Ингэснээр улсын хэмжээнд нийт мэдүүлэг гаргагч 39 мянга гаруй хүнээр тооцож үзэхэд 13-15 хуудас буюу 90 гаруй сая төгрөгийн цаас, тэр хэрээр цаг хугацаа хэмнэж, ачааллыг багасгасан байна.
 
Ж.Батсайхан
 
 
Связанные новости