Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар А.Сүхбатыг сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-25 17:27:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/ УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Б.Батзориг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон учир Дэд хорооны даргад УИХ-ын гишүүн А.Сүхбатыг сонгох саналыг Байнгын хорооноос дэвшүүлжээ. Дэд хорооны даргыг сонгох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжив.
Үргэлжлүүлэн Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн ажлын хэсгийг өөрчлөн байгуулах асуудлыг хэлэлцэж, Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив. Түүнчлэн Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл болон, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг нэг гишүүнээр дагнуулан ахлуулмаар байна. Ингэснээр хүнсний салбарын хуулиудын уялдаа сайжирна гэсэн саналыг хэлж байлаа. 

Ингээд Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн О.Батнасанг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 
Н.Туяа
Связанные новости