Нью-Йоркийг заналхийлсэн бичлэг хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-20 12:44:07

ТЕГЕРАН. /IRNA/. Нью-Йорк хотод халдлага үйлдэнэ гэж заналхийлсэн бичлэгийг “Лалын улс” террорист бүлэглэл нийтэлснийг тус хотын удирдлагууд нотолсон байна.

Бичлэгийн үнэн зөв байдлыг шалгаж буй бөгөөд хотод одоогоор тодорхой аюул тулгараагүй байна гэж тус хотын эрх баригчид мэдээлснийг “USA TODAY” сонин уламжиллаа.

Нью-Йорк хотын “Herald Square”, “Times Square”-ын зураг, амиа золиослогчид  бөмбөг бэлдэж буй дүр зургийг уг бичлэгт үзүүлжээ.

“Энэ бичлэг бол “Лалын улс”-ын үзэл суртлын хуучин бичлэг юм. Хотод аюул тулгараагүй” гэж Нью-Йоркийн Цагдаагийн комиссар Уильям Браттон шөнө болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Байж болох бүх террор аюулыг цагдаагийн хүчин тасралтгүй хянан шалгаж байгаа боловч зайлшгүй аюулын тухай шинэ мэдээлэл аваагүй байна гэж сонинд бичжээ.

Х.Аминаа

 

Связанные новости