Цагаан сарын босгон дээр цагдаагийн 180 албан хаагч шинэ орон сууцанд орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-12 11:55:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас цагдаагийн алба хаагчдын ажиллах орчныг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, иргэдэд  шуурхай үйлчилгээ үзүүлэх чиглэлээр багагүй ажлыг төлөвлөн, үе шаттай   ажлуудын  хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав нар "Цагдаа-Амгалан" хотхоны үйл ажиллагаатай танилцлаа. 2017 оны зургадугаар сард шав тавьж байсан энэ хороололд цагдаагийн байгууллагын 180 алба хаагчийн гэр бүл сар шинийн босгон дээр байрандаа ороход бэлэн болж, улсын комисс хүлээж аваад байгаа юм. Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах, хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр орон сууцны барилга барих талаар авч хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр арга хэмжээ, ЦЕГ-ын даргын баталсан “Гэр орон сууц, нийгмийн байдал, эрүүл мэндийн хамгаалал хөтөлбөр”-ийн хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зах зээлийн үнээс хямд өртгөөр орон сууцны барилга барих ажлыг дэс дараатай авч хэрэгжүүлснээр 2000 шахам алба хаагч орон сууцтай болоод байгааг тус албанаас мэдээллээ.


Ж.Батсайхан

Связанные новости