Зам тээврийн осолд хүүхэд өртөх нь ихэсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-19 10:33:32

 Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт зам тээврийн хөдөлгөөтэй холбоотой  296 дуудлага иржээ. Үүнээс ослын 11 хэрэг бүртгэгдэж нэг хүн нас барсан байна. Мөн 14 хүн хүнд хөнгөн гэмтэв.

Зургаан хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс сургуулийн өмнөх насны хоёр, сургуулийн насны дөрөв байсан байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон хоёр жолоочийг илрүүлж,  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн гэж ЗЦГ-аас мэдээллээ. СХД-ийн нутаг Сонсголонгийн зам,  БХЯ-ны 013 дугаар цэргийн ангийн зүүн замд "H.Sonota" маркийн Э жолоочтой авто машин замын хажуу руу орж зорчигч 41 настай эрэгтэй Т-г дайрснаар  нас барсан. СБД-ийн нутаг Дамбадаржаагийн 16 дугаар хорооны байрны хойд замд "Т.Vitz" маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 07 настай эрэгтэй хүүхдийг мөргөж гэмтээжээ. Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал нэмэгдсэнийг цагдаагийнхан анхаарууллаа. 6-10 хүртэлх насны хүүхдийг эцэг, эх нь болон ерөнхий боловсролын сургуулийн багш нар нь харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаас болж хүүхэд зам тээврийн осолд өртөж байна.  Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та автобусны буудал, орон сууцын хороолол, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд явахдаа тээврийн хэрэгслийн хурдаа хасаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоорой гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Ж.Батсайхан

Связанные новости