Хятадад үйлдвэрлэсэн хоёр дахь "Си 919" онгоц анхны туршилтын нислэгээ үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-18 12:34:22
ШАНХАЙ. /Шиньхуа/. Хятадад үйлдвэрлэсэн хоёр дахь “Cи 919” зорчигч тээврийн нисэх онгоц ням гарагт буюу өчигдөр Шанхай хотод анхны туршилтын нислэгээ амжилттай үйлджээ. Хятад улс иргэний агаарын тээврийн салбарт дэлхийд тэргүүлэгч гүрэн болоход нэгэн алхмаар ойртож буй нь энэ юм.

“Шиньхуа” агентлагийн мэдээлснээр, уг онгоц нь ням гарагийн өглөөний 10:30 цагт Шанхайн “Пудун” олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрсөн бөгөөд туршилтын нислэг бараг 2 цаг үргэлжилсэн гэнэ.
 
Эхний “Си 919” онгоц нь энэ оны тавдугаар сард анхны туршилтын нислэгээ үйлдсэн бол өнгөрсөн сард хот хооронд анхны нислэгээ үйлдсэн юм. "Си 919" бол Хятадад үйлдвэрлэсэн анхны зорчигч тээврийн том оврын нисэх онгоц билээ.
 
Энэ онгоцыг зохион бүтээсэн  Хятадын төрийн өмчийн “Comac” компани ойрын хугацаанд зургаан ийм онгоц нэмж үйлдвэрлэж, 1000 гаруй удаа туршилт хийхээр төлөвлөжээ.
 
“Cи  919” онгоцыг “Боинг 737” болон “Aйрбус A320” онгоцуудтай өрсөлдөхүйц түвшинд зохион бүтээсэн гэнэ.
 
Энэ онгоц нь 168 хүртэлх тооны зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, хоёр хөдөлгүүрт онгоц бөгөөд буулгүйгээр 4075-5555 км зам туулж чадна. Үнийн хувьд энэ онгоц нь 50 орчим сая ам.доллар аж. Өөрөөр хэлбэл, “Боинг 737” болон “Эйрбус A320”-оос 50 гаруй хувиар хямд гэсэн үг.

Хятадын иргэний агаарын тээврийн компаниууд энэ онгоцыг олноор нь захиалж байгаа аж.
 
Г.Доржханд
 
Связанные новости