Цагдаагийн албан хаагч, ХСИХ-ийн багш нар хүний эрхийн чиглэлээр сургалтад хамрав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. ХЭҮК-оос 2017 оны 10 дугаар сард ЦЕГ-ын Сургалтын нэгдсэн төвтэй хамтран төвийн болон орон нутгийн цагдаагийн байгууллагын 25 алба хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэснийг бид өмнө мэдээлсэн. Тэгвэл хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдсэн төвийн 20 ажилтан болон Хууль сахиулахын их сургуулийн багш нарыг Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцуулах, хүний эрх, хуулийн чиглэлээр чадавхжуулах гүнзгийрүүлсэн сургалтыг дахин зохион байгуулж байна. Сургалтыг нээж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг үг хэлэхдээ "Хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдсэн та бүхэн хүний эрхийн ойлголт, мэдлэгийг бусдадаа түгээх, өөрийн санал, санаачлагаар ажиллах хэрэгтэй. Хүний эрхийн чиглэлээр сургалт явуулахад бүхий л талаар хамтран ажиллаж, тусалж дэмжих болно. Хамгийн гол нь та бүхний хичээл зүтгэл, санаачлага бодит ажил хэрэг болсон байх учиртай" хэмээн хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх нь чухал болохыг онцоллоо. Сургалтад ЦЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь нэгж, байгуулагуудын хүний эрхийн сургагч багш нар, ХСИС-ийн багш нар оролцож, "Цагдаагийн байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хийсэн судалгаа, түүний хэрэгжилт”, "Хуульчийн ёс зүй”, "Гэр бүлийн хүчирхийлэл, хохирогч хамгааллын асуудал (хүүхэд, эмэгтэйчүүд)”, "Цагдаагийн албан хаагч холбогдсон гэмт хэргийн шийдвэрлэлт, анхаарах зарим асуудал”, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүний эрхийн хамгаалал” зэрэг сэдвээр мэдээлэл авч байна. Хичээлийг Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Авилгатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл зааж байна.
Ж.Батсайхан